АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал

-МАН ДОТОРХ “ЧИМЭЭГҮЙ” ЯРИАГ АН ИЛ ГАРГАЛАА -

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Хуулиараа гишүүд Засгийн газрын нэгж сайдыг чөлөөлөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэх эрхгүй. Тиймээс Ерөнхий сайдаас бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын нэр бүхий сайд нараа огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардсан гэсэн үг юм. Уг шаардлагад,

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон хэмээн огцруулах үндэслэлүүдийг тайлбарлажээ.

Засгийн газрын нэр бүхий сайд нарыг явуулах асуудал саарал ордноор шивэр авир яригдах болсоор нэлээд удлаа. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд нэр бүхий 5-6 сайдын асуудлыг хөндөнө гэж байсан ч тэгсхийгээд намжсан. Эрх баригч намын гишүүд намынхаа Удирдах зөвлөлөөр муу ажиллаж байгаа сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлж байв.

Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр Н.Номтойбаяр өөрийнх нь халааг авсан С.Чинзориг сайд руу дайрч, дараа нь Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар луугаа “ноцоод”амжсан. Энэ бүхэн зүгээр ч нэг хэлэлцэх асуудлаас болоогүй. Эрх баригч нам дотор сайдынхаа суудлыг өгсөндөө өнөөг хүртэл итгэж чадахгүй, шүд зууж яваа нэг хэсэг хүмүүс бий.

Эсрэгээрээ сайдын суудалд тухалсан хойноо ажлаа олигтой явуулж чадахгүй байгаа, асуудалд хэт эрх ашгийн үүднээс хандаж буй нөхдүүд ч байна. Энэ бүхний урсгал нэг чиглэлд яваа биш учраас үе үе тэсрэлт явагдаад байна гэсэн үг.

Ингэж МАН дотор хэдэн сар чимээгүй байдлаар яригдаж, хүчээ авч чадахгүй байсан сэдвийг АН ил гаргаж тавилаа. Дотроосоо нэг задраад засгаа унагачихсан нам дахиад засгийг задлах асуудал сөхөхөд эрсдэл л үүрнэ. Тиймээс ч тэд өнөөг хүртэл хэлээ хазаж явсан гэхэд болно.

-“СУГАЛАГДАХ” САЙД НАРААР ХЭН ХЭН НЭРЛЭГДЭВ-

МАН дотор яригдаж буйгаар бол ирэх сард асуудал нэлээн хурцдах ч шууд сугалаад хаячихалгүй, тогтох бололтой. АН-аас нэрлэсэн нь хоёр болохоос биш яг МАН дотроо хэд хэдэн сул ажиллаж буй сайд нарыг явуулах асуудал нэлээд хүчээ авсан. Гэхдээ Засгийг ингэж айлгах шалтгаан бас гишүүдэд байгаа гэдгийг тодотгууштай. Нэг ёсондоо боловсон шантааж гэсэн үг. Албан тушаалын томилгоо, тендер, төсөл сэлтээс өгсүүлээд гишүүдийн хүсэхгүй зүйл гэж ховор.

Нэгэнт парламентад 65-уулаа сууж байгаа учраас Ерөнхий сайдын зүгээс ч тэр, шуудхан хатуурхчихаж болохгүй. Засгийн бүх ажил, танхимын гишүүдийн бүрэн бүтэн байдал УИХ-аас шууд хамааралтай. Тиймээс Засгийн газрын тэргүүн 32/33-ын бүлэг гэлтгүй УИХ-ын гишүүдийн хүсэл зоригийг харгалзан үзэх шаардлагатай тулгарч буй юм.

Байдал ийм эмзэг байхад сайд нар нь ч хэрэг тарьж мундахгүй. Ерөнхий сайд наанадаж санасан хэмжээнд нь хүрч ажиллахгүй байгаа сайдаа хамгаалах хүндхэн үүрэгтэй тулгарч байна.

Ерөнхийдөө Засгийн газрын танхим дотроо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар хамгийн “хэл ам ихтэй” нь гэгддэг. Тэдэнд оролцохгүй, эрх ашгаа хавчуулахгүй салбар ховор байдаг гэх шүүмж эрх баригч нам дотор хөвөрдөг. Нөгөө талд Увсын гэх тодотголтой Б.Цэрэнбат, С.Чинзориг, Х.Баделхан нарын сайд нарыг ч хар жагсаалтад оруулан нэрлэж буй.

Мэдээж тэд бөөндөө хөтлөлцөөд явахгүй. Хэд хэдээрээ сугалагдах эрсдэлтэй гэсэн үг. Энэ өдрүүрэд гишүүд сайд нарыг сугалах асуудалд онц ихээр анхаарч, сайд нар ч айдастай явна. Гэхдээ энэ дуулиан ирэх сард хэсэг шуугиулаад намжчих болов уу. Харин наадмын дараачаас асуудал бодитоор яригдаж, ирэх намрын чуулганы эхэнд МАН танхимдаа сэлгээ хийх эсэхээ шийднэ гэсэн хүлээлттэй байна.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ