С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү

Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцах, хянах, алдаа дутагдлыг цаг тухайд засах, нэхэх ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргажээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж ажиллах юм байна.

Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Бид мөрийн хөтөлбөрөөс хамгийн чухал гэснээс буюу ард түмэндээ амласан, амлалтуудаас хэрэгжихийг нь хүлээж, нэхэж байгаа ажлуудаас амлалтаа биелүүлж хэрэгжүүлэх, хэрэгжиж байгаа нь буруу ташаа явж байгаа бол засч дэмжээд явах нь чухал. Өнөөдөр бид зайлшгүй анхаарах ёстой төмөр зам, томоохон төслүүд, малаа эрүүлжүүлэх, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэгдүүлэ, эрүүл мэнд боловсролын салбартаа анхаарах ёстой гэдгээ мартахгүй байнга санаж байх ёстой. Энэ амлалтаа яаж биелүүлэх вэ гэдгийг ЗГ, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн албан ташаалтнууд бүгд анхаарах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан учир дутагдалтай байна. Бид ард түмнээ хуурч чадахгүй шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгааг Засгийн газрын гишүүд, холбогдох яамдын албан тушаалтнуудаас нэхэж, өдөр тутам шахаж шаардах ёстой. Засгийн газраас Гурван тулгуурт бодлого оруулж ирсэн. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм уу, Гурван тулгуурт бодлогоо хэрэгжүүлэх юм уу, эсвэл өөр зорилтуудыг хэрэгжүүлэх юм уу гээд олон туулай хөөж хоосон хоцрох вий. Олон төрлийн бодлого хөтөлбөр гаргаж ирэхээр төрийн албан хаагчид дунд доод шатандаа алиныг нь хэрэгжүүлэхээ мэдэхгүй самгардаж, далим шалтаг гарах вий. Иймээс урт, дунд, богино хугацаанд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах ёстой. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр л дүнгээ тавиулна. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс Цалинтай ээж, Насны хишиг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, малчны тэтгэврийн насыг наашлуулсан, оюутны хөгжлийн зээл олгож байгаа гэх мэт хэрэгжсэн ажлууд цөөнгүй байна. Мөн олон нийтэд хүрч байгаа ташаа, худал мэдээллийг зөв болгож, алдаа мадаг байвал засч сайжруулах явах ёстой” гэж онцолсон юм.

Дашрамд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарсан байна. Хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, Нийгмийн бодлого 46.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2, Засаглалын бодлого 47.2 хувьтай байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ