Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил

anu

-НАС ЗАЛУУ БАЙГАА БОЛОХООР АХИАД ТӨРНӨ, ХҮҮТЭЙ БОЛНО-

-Таван хүүхдийн ээж гэх алдрыг зүүгээд багагүй хугацаа өнгөрсөн байна шүү. Ажил, амьдрал тань тун ч завгүй өрнөж байгаа болов уу?

-Хүмүүс намайг таван хүүхэдтэй болохоор нэлээд завгүй байдаг гэж боддог. Ажил амьдралаа зохицуулаад л хэрэгтэй гэсэн ажилдаа цаг зав гаргаад явж байна. Аль алиныг нь орхигдуулахгүйг бодож явдаг юм. “Гала” хамтлагт байхаасаа цагийн менежмент гэдэг зүйлийг сурчихсан болохоор харьцангуй гайгүй шүү. Хүмүүс надаас гадуур их ажилтай байгаад хүүхдүүд орхигдож байна уу гэж их асуудаг. Эсвэл тавын таван хүүхдүүд гэсээр байтал ажил төрөл чинь орхигддог уу гэж асуудаг. Миний бодлоор аль аль нь орхигдоогүй. Эмэгтэй хүн өөрөө хүсч л байвал боломжгүй зүйл гэж байхгүй. Тиймээс зорилго мөрөөдөл минь улам томорч, түүндээ хүрэхийг хичээсээр явна.

-Тэгвэл “Гала” хамтлагт байх үеийн цагийн менежменттэй Анугаас өдгөөгийн таван хүүхдийн ээж Ану хүртэлх орон зайг хэрхэн дүгнэх вэ?

“Гала” хамтлагийн 16 настай Ануг төлөвлөөгүй байсан гэх нь учир дутагдалтай. Би таван настайгаасаа сургуульд орж харьцангуй эрт төлөвшсөн гэж өөрийгөө дүгнэдэг. Болороо бид хоёр хоёулаа хүмүүжил сайтай, өөрсдийн гэсэн мөрөөдөл зорилготой хүүхдүүд байлаа. Хүүхдийн ордны дуулаачийн болон бүжгийн ангид явдаг байсан болоод ч тэр үү багаасаа өөрсдийгөө сориод үзчихсэн. Тэр үед харин өөрийгөө болж байна гэж бодддог байсан боловч үр хүүхэд, хань ижил, ахуй амьдралтай болоод ирэхээрээ өөрийгөө жинхэнэ утгаар нь олж нээж төлөвшүүлдэг гэдгийг ойлгосон доо.

anu-Таван хүүхэдтэй байх, гурван хүүхэдтэй байхын ялгаа их л биз дээ. Ялангуяа ихэр хүүхдүүдийг өсгөхөд олон бэрхшээлтэй тулгарч байна уу?

-Тийм ч их ялгаа алга. Гэхдээ гэрийн уур амьсгал халуун дулаан, илүү сайхан болсон. Анхны үр, хоёр дахь үр, гурав дахь үр гээд хүн бүрт хайраа хувиарлачихдаг юм билээ. Тэр утгаараа хоёр ихэртээ илүү хайртай, илүү догдлолтой ханддаг юм байна. Гадуур жаахан явахаараа санаад яардаг. Бөөнө хайр ялгарна. Хүүхдүүд ачаалал нэмлээ, хүүхдүүд шуугилдлаа гэж би хэзээ ч төвөгшөөдөггүй. Хүүхэд бүхний бага нас дахин давтагдашгүй. Тиймээс би тэр цаг мөч бүрийг нь хайрлаж өнгөрөөхийг хүсдэг.

Намайг бүр бага байхаасаа л өөрөөсөө жаахан хүүхдүүдийг хараад өхөөрдөөд суучихдаг байсан гэж ээж аав маань ярьдаг байсан юм. Би олон хүүхэдтэй болно гэдгээ мэддэг байсан. Олон хүүхэдтэй болохыг ч хүсдэг байлаа. Энэ хүслийг минь бурхан биелүүлж ойр ойрхон миний хүүхдүүдийг надад бэлэглэсэн байх. Гэхдээ амьдралын бүх зүйл шулуун дардан хүссэнээр биелээд байдаггүй. Зурсан тавилангаараа л явж байгаа юм.

-Дахиад охин тэр тусмаа ихэр гараад ирэхээр та хоёр хэрхэн хүлээж авсан бэ? Уг нь хүүтэй болно гэж ярьдаг байсан юм билээ?

-Жирэмсэн болсныхоо дараа сайн эмчийн хяналтад байсан болохоор хоёр ихэр охин гэдгийг нь шууд л мэдсэн. Заавал хүүтэй болно гэж яагаад хязгаалах ёстой гэж. Бүр хоёр ихрийг надад явуулсан бурхны хосгүй бэлгийг бид маш аз жаргалтайгаар хүлээж авсан. Хүмүүс дахиад л охинтой болсондоо гонсойж байна уу гэж их асуудаг. Гонсойх зүйл байхгүй. Охинтой хүн жаргадаг гэдэг үг байдаг шүү дээ. Зөөлөн аашинд нь гэрийн уур амьсгал сайхан болж бөөн цэцэг навчин дунд амьдрах юм. Ирээдүйд ч гэсэн охидуудтайгаа эрхлэлдэж, хөлөө жийгээд суух цагийн эхлэл гэж боддог. Олон охидтой болсондоо үгээр хэлшгүй аз жаргалтай байна. Нас залуу байгаа болохоор ахиад ч төрнө. Мэдээж хүүтэй болно. Хөвгүүд ээждээ амь байдаг шүү дээ. Үүгээр охидууд намайг хайрлахгүй гэж хэлж байгаа юм биш л дээ. Эмэгтэй хүүхдэд аавыгаа гэсэн өгөгдөл илүү өндөр. Аав минь л намайг хамгаална гэсэн бодолтой байдаг.

anu

-ТАВЫН ТАВАН ОХИНДОО ҮЛГЭР ДУУРАЛ БОЛОХ ҮҮДНЭЭС САЙХАН
БАЙХ ҮҮРЭГТЭЙ ХҮН-

-Тавын таван хүүхэд төрүүлсэн хэрнээ сайхан биетэй байгаагийн тань нууц жор юунд оршиж байна вэ? Энэ асуултыг таниас олон ч хүн асуудаг, асуусаар ч байх асуулт мөн гэж бодож байна?

-Хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөртөө хайртай байснаар үр хүүхэд, хань ижил, ажил төрлөө ч хайрлана. Учир нь өөртөө хайртай эмэгтэйгээс хэзээ ч сөрөг зүйл гарахгүй. Өөрийгөө хайрлаж чадаж байгаа хүн л бусдыг хайрлаж чадна. Тэрнээс биш янз бүрийн дэглэм, нууц жор байхгүй. Гэтэл зарим хүмүүс намайг таван хүүхдээ хаячихаад өдөржин гоо сайхны салон хэсдэг. Хийх ажилгүй мэтээр хэлдэг. Би хэзээ ч тийм амьдралаар амьдраагүй гэдгээ бардам хэлмээр байна. Харин ч үр хүүхдийнхээ эрүүл саруул ирээдүйн төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг.

Сайхан ээжтэй байвал охидууд минь бахархана шүү дээ. Надад ч гэсэн ээжээрээ бахархаж, ээжээрээ гоёж амьдарсан цаг үе байсан. Тэр тусмаа над шиг тавын таван охинтой хүн тэдэндээ үлгэр дуурайл болох үүднээс гоё сайхан байх үүрэгтэй хүн.

-Охидоо ямар хүн болгож, яаж хүмүүжүүлэхийг хүсдэг вэ?

-Юун түрүүнд гэр бүлийн уур амьсгалыг зөв байлгахыг хүсдэг. Хүүхдийн хүмүүжлийн 80 хувь нь гэр бүлээс улбаатай. Эцэг эхийн таагүй уур амьсгал дунд өссөн хүүхэд хичнээн Харвард, Кембриж төгсөх нь хамаагүй. Тухайн хүн суурь хүмүүжлээ боловсролоор өнглөн далдалж чадахгүй. Амьдралд ч тэнцэхгүй байх.Тиймээс би хэд хэдэн зарчим баримталдаг. Тухайлбал, ажил дээр гарсан таагүй стреес бухимдлаа гэр бүлдээ гаргахгүй, ярилцах зүйл байвал хоорондоо сайн ярилцаж байх гэх мэт. Гэтэл Азиудын хүүхэд хүмүүжүүлэх бар ээж гэх арга бий. Тэр нь хүүхдийг хатуу дэглэм дор барьж заавал онц сурах ёстой, нэгдүгээрт байх ёстой гэж шаарддаг. Энэ шаардлагыг би хувьдаа хүүхдэдээ хэзээ ч тавьж чадахгүй.

Харин өөрийнх нь сонгосон замыг чиглүүлж өгсөн нь илүү дээр. Бас уйгагүй харьцах хэрэгтэй. Ядраад байна би энэ өрөөнд чи цаад өрөөнд унт гээд нүүр буруулах үе нэг удаа байж болохгүй.

-Сайхан эхнэр, хөөрхөн хүүхдүүдийн ард сайн хань, сайн эцэг гарцаагүй бат зогсож байдаг. Ингэхэд нөхрийнхөө талаар ярихгүй юу, хүмүүс нэрнээс нь цааш мэддэггүй шүү дээ?

-Миний хань төлөв даруу хүн байдаг.Өөрийнхөө талаар янз бүрээр яриулах, сошиалд зургаа тавиулах дургүй.Яагаад гэвэл хүний амьдралын аз жаргалтай хором, мөч бүр далд байхдаа илүү утга учиртай. Ярилцлагатай өдөр хайрыгаа битгий яриарай гээд л гуйдаг юм. Тийм болохоор би хувийн орон зай руу нь халдаж миний хань ийм мэргэжилтэй, гарал угсаа ийм хүн гэж яриад баймааргүй байдаг. Зүгээр л Ч.Уранхолбоо гэдэг хүний хань, төөрөг тавилангаар учирсан хүүхдүүдийн минь эцэг гэж хэлэх дуртай. Боловсролтой, сэхээтэн гаралтай, сайн аав ээжийн хүмүүжлээр өссөн мундаг залуу байдаг. Миний ард зогсох баттай хана хэрэм гэж хэлмээр байна.

-Анх хэрхэн яаж танилцсан тухай сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Амьдралын өдөр бүрийг дурсамжаар дүүргэж, дурамж бүтээж байна. Бүх зүйл жижиг зүйлээс эхлэлтэй учраас өдөр бүр сюрприз барихыг хичээдэг. Үүн д ач холбогдол өгдөг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл өдөр болгон л валентины өдөр шиг байдаг юм. Тийм болохоор анх учирсан цаг хугацаа нэг их чухал биш.

anu

-НАМАЙГ ГҮТГЭСЭН, ДАЙРСАН ОН ЦАГ НЭГ БИШ НЭЖГЭЭД ОЛОН БИЙ-

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн сайн менежер байх ёстой. Ажил, амьдралынхаа уян хатан чанарыг маш сайн мэдэрдэг байх. Амьдралын ханиа зөв сонгох, үр хүүхдээ эрүүл саруул өсгөх, гээд л өөрийгөө нэгт тавихаас илүү зүйлүүд их бий.

-Та сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, нийгэмд үүрэг хүлээсэн урлагийн хүн зэрэг олон нэрийг хэрхэн зэрэгцүүлэн даажявахыг хичээдэг вэ?

-Байгаагаараа байх нь өөрт оногдсон нэрнүүдийг сайн авч яваагийн илрэл юм уу даа. Тэрнээс биш би ийм хүн гэдэг цензур тогтоож, түүнийхээ дагуу хиймэл дүр эсгэх нь утгагүй. “Гала” хамтлагийн 16 настай Анугаас хойш би яг нэг зангаараа л явж ирлээ. Намайг гүтгэсэн, дайрсан он цаг нэг биш нэжгээд олон бий. Тэглээ гээд тэр болгонд бууж өгөөгүй. Цаашдаа ч гэсэн гарах үр дагавар, асуудлуудад өөрийнхөөрөө амьдраад явах болно. Энэ нь л хүмүүсийн хүлээлгэсэн итгэлийг дааж явахын нэр юм болов уу даа.

-Дайрч гүтгэсэн он жилүүд гэснээс энэ олон жил таныг та дуугүй байх, заримдаа хариулт өгөх замаар явдаг юм билээ.

-“Гэрэл рүү ойртох тусам, улам сүүдэр томорч дагадаг”гэх философи байдаг юм. Сайн сайханд тэмүүлж буй тэр тэмүүлэлбусдын ярианд уусч хариулт өгч уурлах нь дэмий зүйл. Түүний оронд өөртөө итгэлтэйгээр урагшлах ёстой. Амаараа ярихаас илүү үйлдлээр, үр дүнгээр хариулт өгвөл тэр жинхэнэ хариулт мөн. Тиймээс чимээгүй байж байгаад амьдралд үр дүнгээр харуулахыг хичээдэг. Үгэнд биш үйлдэлд итгэ гэх үгэнд дуртай. Ер нь энэ нийгэмд хэн ч ярьж чаддаг болчихоод байна л даа. Гэхдээ яриа үйлдэл хоёр нийлж байж бодит хариулт болж чадна. Ярихаас илүү хийдэг байх хэрэгтэй.

anu-Тэр олон дарайлт давшилт гүтгэлэг дундаас өөрийгөө бүтээж, сөрж зогсож чадсан гэж ойлгож болох уу?

-Саяхан намайг өөртөө ашигтай хүмүүстэй нөхөрлөдөг, өнгө мөнгө хардаг, дандаа баян цатгалан хүмүүсээр хүрээлүүлдэг гэж сошиал сэтгэгдэл дээр бичсэн байсан. Би үүнд няцаалт өгмөөр байна. Миний найзууд дандаа эгэл жирийн хүмүүс. Бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрийнхөөрөө хөдөлмөрлөж яваа залуучууд байдаг. Хүн болгоныг би хувь хүн гэдэг талаас нь хардаг. Бас хэнийг ч шүүмжлэхийг хүсдэггүй. Бусдын амьдралыг өөрийн нүдээр хараагүй, мэдэхгүй байж тааж хэлээд яах юм бэ. Ер нь бусдыг шүүх эрх хэнд ч байхгүй шүү дээ.

-Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж буй мэдээллүүд нийгэмд харанга дэлдэсэн. Энэ тал дээр эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд ямар бодол тээж явдаг вэ?

-Хүүхдэдээ тавих анхаарал халамжтай шууд холбоотой зүйл. Үүнд хамгийн түрүүнд эцэг эхийн хариуцлагагүй байдал яригдана. Түр зуурын сэтгэл хөөрлөөс болж гэр бүл болсны дараа олон янзын эрсдэл үүсч байгаа хэрэг юм л даа. Эцэст нь хүүхэд сэтгэл зүйн хохирогч болдог. Гэтэл хүмүүс үүнд их хурал, засгийн газар, төрийн түшээд буруутай мэтээр ярьдаг. Асуудал хамгийн бага нэгж болох гэр бүл гэдэг статусаас эхэлж байгааг ойлгодоггүй. Хэрвээ та хүүхдэдээ анхаарал халамж тавиад, эцэг эхийн бүрэн дүүрэн хайрыг мэдрүүлсэн бол хэн нэгнийг хүчирхийлэхгүй, хэн нэгний хүчирхийллийн золиос болохгүй шүү дээ.

Өнөөдөр цаазлах тухай ярьж байна. Би үүнийг байх ёстой ялын хэмжээ гэж боддог ч, хэн нэгнийг цаазаллаа гээд шийдэгдэх асуудал биш. Заавал хэн нэгнийг цаазлахдаа бус үүсгэж буй үндэсээ олж засах ёстой байхгүй юу. Тухайлбал, би ирээдүйд аав ээж болоод хэн нэгний охиныг сонгоод амьдралын нугачаанд ямар ч хүн болж өөрчлөгдлөө гэсэн нэг сэтгэлээр хайрлаж чадах уу гэдгийг залуучууд өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Гадаад өнгө үзэмж харж хууртах асуудал их байна. Найз нөхөд, эд баялаг хүнд байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг цорын ганц зүйл бол хань ижил.

Тэгэхээр сонгосон хүндээ үнэнч байж, гэр бүлийн хариуцлагаа ухамсарлаад үр хүүхдээ өнчрүүлэхгүйг хичээж өөрөөсөө эхэлдэг байсан бол өнөөдөр бид хүчирхийлэл гэгч зүйлтэй ингэж гүнзгийгээр нүүр тулахгүй байх байсан.

anu

-БИД НАР ШИГ УРЛАГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДӨДӨӨ БАГА ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ-

-Саяхан Дубай яваад аялаад ирсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Аялаад, зураг авалтад оролцоод ирсэн. Хүүхдүүдээ орхиод явсныг гайхаж байж магадгүй юм. Гэхдээ хадмууд болон өөрийн гэрийн найдвартай хүмүүст үлдээгээд тав хоногийн хугацаатай аялаад ирлээ. Энэ аялалыг бид хоёр зориуд төлөвлөж байж хийсэн. Яагаад гэвэл хүн өөрийгөө маш их дарамтад оруулж амьдраад байгаа юм шиг санагддаг. Би нуруун дээрээ ийм ийм ачаатай, үүнийг л давж гарахгүй бол сайхан амьдарч чадахгүй гэх мэтээр хаалт тавьж байдаг. Гэтэл өдөр бүрээс аз жаргал мэдэрч байж хөглөгддөг. Сүүлийн үед бид хоёр ойр ойрхон хүүхэдтэй болж, бие биендээ цаг гаргах завгүй амьдарч ирлээ. Энэ үүднээс ярилцаж байгаад яг улирлыг нь тааруулж аялаад ирсэн. Үнэхээр гоё эрч хүчээр цэнэглэгдсэн.

-Гурав дахь охиноо өлгийдөж аваад удаагүй байхдаа шууд уран бүтээлдээ орж байсан. Харин одоо уран бүтээл гэхээсээ илүү влогоороо фенүүдтэйгээ уулздаг болсон байна. Хэзээнээс уран бүтээл хийж эхлэх вэ?

-Энэ оны зургадугаар сар хүртэл уран бүтээл гаргахгүй. Харин сүүлийн үед багахан хэмжээний влогоороо олон хүүхэдтэй ээжүүдэд амьдралд тулгарч болох асуудлуудыг хуваалцахыг хүсч байгаа. Мөн хамтдаа урагшлах урам зориг өгөхийг хүсдэг юм. Манай нийгэм хар бараан зүйлээр дүүрэн байна. Багахан ч гэсэн гэрэл гэгээ, эерэг хандлагыг түгээхийг хүсдэг. Хүмүүс хүнтэй нөхөрлөхдөө энэ надад тэр талаараа хэрэгтэй гэсэн үүднээс ханддаг болчхоод байгаа нь нууц биш. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авахаа байчихсан. Хүнийг зөвхөн ашиглах тал дээр харилцдаг харилцаанд би үнэхээр дургүй.

-Саяхан МХЕГ “AliveMax” бэлдмэлийг эмчилгээнийх бус хүнсний бүтээгдэхүүн болохыг зарласан. Энэ тал дээр та бас тайлбар хийсэн байсан тухайгаа тодорхой ярихгүй юу?

-Энэ бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Миний хувьд энэхүү компанийн нүүр царайгаар ажилласан. Миний эрүүл мэндэд бодит өөрчлөлтийг авч ирж чадсан. Мөн эр үр хүүхэдтэй болж чадахгүй байсан найз нөхөд минь хүүхэдтэй болсон. Гэтэл энэ бүтээгдэхүүний талаар янз бүрийн мэдээлэл гарахад би зөвхөн өөрийгөө бодоод дуугүй байж чадаагүй. Бусдын бизнесийн байгууллагыг түлхэн гаргаж буй оролдлого гэж харжбайгаа. Тийм болохоор би мэдсээр байж дуугүй байж чадаагүй.

-Залуу бүсгүйчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Эмэгтэй хүн бүр дахин давтагдашгүй. Хэн нэгнийг дуурайлаа гээд хэзээ ч тэр хүн шиг болж чадахгүй. Бид нар шиг урлагийн хүмүүс өөрсдөдөө бага зэрэг өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг. Гэтэл охид бүсгүйчүүд урлагийн хүн болохгүй байж заавал хэн нэгэн шиг болох гээд байх албагүй юм. Байгалиас өгөгдсөн шинж чанараа битгий алдаасай гэж хүсч байна. Өөрт заяагдсан өгөгдөлөө ашиглаж яаж сайн ээж, сайн эхнэр, сайн охин болох вэ гэж бодож болох юм.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ