“Ц.Сандуйгийн дархан цаазтай Home Plaza-г төрийн хамгаалалтад авъя”
Ц.Сандуй овогтой Нome Plaza тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд эг маггүй яригдаж эхлэв. Яригдахаас ч аргагүй. Олимпийн гудамжийг хааж 1.6 жилийн хугацаатай шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед олны дургүйцлийг хүргэж байгаа ганц асуудал нь эл Home Plaza-гийн барилга юм. Дөрвөн талаас нийлсэн уулзварын дунд баригдсан уг барилгаас үүдэлтэй түгжрэлийн асуудал өнөөдрийг хүртэл жолооч нарын дунд ярианы гол сэдэв болж ирсэн бол шинэ гүүр баригдахтай зэрэгцээд уг асуудал дахин сөхөгдөж эхэллээ.
Учир нь Олимпийн гудамжнаас уг Home Рlaza хүртэл шинэ гүүр барьж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг буруулах, түгжрэлийг шийдвэрлэх нэг арга зам хэмээн үзээд буй. Нөгөөтэйүүр гүүрэн гарц барих хамгийн том шалтгаан бол төмөр зам, автозам хоёр огтлолцож байгаа нь олон эрсдэл дагуулсаар ирсэн учраас ийнхүү гүүрэн гарц барих асуудал хөндөгдсөн юм. Хэдийгээр эрт эхлүүлж болох байсан ч Home Plaza-гаас үүдэж гүүрэн гарцын ажил хойшлогдсон гэх мэдээлэл ч байдаг.
#c0c0c0;">Home Plaza байрлаж буй уг хэсэгт дөрвөн замын уулзвар байгуулах нь түгжрэлийг сааруулах нэг бодитой алхам болно хэмээн үзэж байсан ч ийнхүү уг барилгыг барьжээ. Home Plaza зөвшөөрөлгүй баригдсан гэх асуудал ч мэр сэр яригддаг.
Шинэ гүүр баригдлаа ч жолооч нар урьдын л адил Home Plaza-г тойрч хөдөлгөөнд оролцох л болно. Энэ нь нэг талдаа шинэ бүтээн байгуулалтын үр дүнг төдийлөн мэдрүүлэх үү үгүй юу гэдэгт эргэлзээ үүсгэж буй юм. Шинэ гүүрийг дагаад замуудыг өргөсгөж таарна. Тэгээд ирэхээр үндсэндээ Home Plaza-г тойрч замын өргөтгөл явах нь ойлгомжтой. Ингээд бодохоор заавал ч үгүй замын уулзвар дээр, гүүр гарцны аман дээр уг барилгыг үлдээх шаардлага бий юу гэдгийг эргэж харах нь зүйтэй биз ээ.
Нийслэлээс энэ байтугай л иргэдийн барилгыг нураах шийдвэр гаргаж байсан жишээ бий. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу Улсын их дэлгүүрээс чанх урагш байрлах 44 дүгээр байрны нэг давхарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг албадан нураасан. Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 24 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 тоот захирамж, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 608 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран тус барилгыг буулгасан байдаг. Иргэнийхээ хууль зөрчсөн барилгыг нурааж чаддаг мөртлөө нэг эрх мэдэлтнийхээ барилгыг нурааж, нийтийн эрх ашгийг хүндэтгэж яагаад болохгүй гэж. Гүүрэн гарц баригдаад, замууд өргөсөөд ирэхээр хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ их хөдөлгөөн дундуур Home Plaza-гаар дайрч дэлгүүр хэсч, баар орно гэх хүн байх болов уу гэдгийг бодох л хэрэгтэй.
Эсвэл гадна, дотныхон асуувал “энэ манай НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн барилга юм аа. Хэн ч нурааж, халдаж болохгүй юм гэнэ лээ” гээд Их тэнгэрийн ам шиг төрийн хамгаалалтад аваад гадуур нь төмөр хашаа татчихвал яадаг юм гэсэн бодол төрөх боллоо. Удаан хугацаанд яригдаж буй Home Plaza-гийн асуудал өнөөдөр намжиж болох ч гүүр ашиглалтад орсны дараа дахин хөндөгдөх л сэдэв гэдгийг мартаж болохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ