Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын луйврыг мартаагүй биз

Манай сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө завшсан, авлига, хээл хахуулиар хувийн ажлаа амжуулдаг, төрийн тендерээр өөрийн компаниа Угждаг”, шүүх, хууль, хяналтын байгууллагад нөлөөлөхийг завдагсдын хэрэг прокурорын шатнаас шүүхэд хэрхэн шилжиж байгааг сурвалжлан, уншигчдадаа цувралаар хүргэх болно. Үүнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан таныг манай сонинтой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн хийгээд хүчний байгууллагын удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүд ар араасаа задарч, олонд ил болж буй ч үүний сиймхийгээр чимээгүйхэн “нуугдаж” буй гэмтэн цөөнгүй байна.

Үүний нэг нь хууль, хяналтын байгууллагаар бараг гурван жилийн хугацаанд шалгуулж байгаа ч шийдэгддэггүй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт хамаарах хэрэг юм. Хууль, хяналтынхан хэргийг ийн сунжруулахыг мартагнуулах буюу замхруулах арга гэж нэрлэдэг. Энэ хэргийн талаар эргэн сануулъя.

2015 ОНД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ч ӨНӨӨГ ХҮРТЭЛ ШИЙДЭГДЭЭГҮЙН УЧИР ЮУ ВЭ

Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан. Тэгвэл энэ хэрэг одоо ямар шатандаа байгаа нь тун бүрхэг болж, шалгагдаж байсан хүмүүс нь ч эрх чөлөөтэй явж байгаа.

Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. Түүнээс хойш тэдэнтэй холбоотой хэрэг сураг алдарч, хэрэг хэрхэн шийдэгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий гурван этгээдийг хуулийнхан албаны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг үргүйдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан нь үнэн. Ингээд зогсохгүй хангалттай нотлох баримт АТГ-т цугларч, хэргийг прокурор руу шилжүүлж яллагдагчаар татсан ч энэ хэргийн үнэн худал нь одоо хүртэл шийдэгдэхгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь хэрэг замхрах шатандаа оров уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж эхэллээ.

АТГ-аас тэдэнд дараах зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 буюу энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

“МОНРОУД”-Д ДАВУУ ЭРХ ОЛГОСОН БАРИМТ БОЛ ТҮҮНИЙГ ЦАГДАН ХОРИХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ

Хэрвээ УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар бус эгэл жирийн иргэн Хөгжлийн банкны санхүүжилтээс найзтайгаа нийлэн удаа дараа хувьдаа завшсан бол манай хууль, хяналтынхан тэдэнд хамаарах хэргийг гурван жил сунжруулан шалгах байсан болов уу. Бараг л үгүй байх. Үүний дээр дээрх иргэдийг шалгаж эхлэхээсээ л саатуулах байсан биз. Монголын хууль, хяналтынхан эрх мэдэлгүй, жирийн иргэдэд хэрхэн хатуу ханддаг, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад яаж зөөлөн үйлчилдгийг гэрчлэх баримт мундахгүй.

Өөрөөр хэлбэл, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер, Хөгжлийн банкнаас нэмж “олсон” 9.1 тэрбум төгрөг, энэхүү тендерийг шинээр барих замын жагсаалтад 2013 онд хууль бусаар оруулсан явдал, баруун аймгийнхны мөрөөдөл болсон, амьжиргааны гол түшиц болох уг замыг тус компанийнхан анх 37.2 тэрбум төгрөгөөр барихаар болсон ч дөрвөн жилийн турш оромдоглосны эцэст Чингис бондын санхүүжилтээр Хөгжлийн банкнаас бүтээн байгуулалтуудыг дэмжиж байгааг далимдуулан 9.1 тэрбум төгрөг нэмж гаргуулсан зэрэг явдал нь л саатуулан шалгах хангалттай үндэслэл мөн гэдгийг хуулийнхан баримт, үндэслэлтэйгээр тайлбарладаг.

Дээрх баримтыг хангалтгүй гэж үзэж байгаа бол АТГ-ын ажилтнуудын илрүүлсэн “2014 оны төсвийн нийт 138.1 тэрбум төгрөгийн 30 төсөл, арга хэмжээний авто замын 16, гүүрний найман төслийг “Монроуд” компанидаа “авч” егсөн явдлыг нэрлэж болно. Гэвч эдгээр баримт прокурорынхонд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа бололтой. Ийн хэлсний учир нь Б.Гарамгайбаатарын дутуу дулимаг барьсан Хапзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр замыг өнгөрсөн оны төсвөөс санхүүжүүлж, дуусгасан нь түүнийг хууль, хяналтынхан төдийгүй улс төрийн хүрээллийнхэнд нөлөөлсөөр байгааг халж буй юм.

ПРОКУРОРЫН ШАТАНД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛАХЫГ САНААРХАЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч өдгөө хүртэл уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодруулахад “Хэргийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон томоохон хэргүүд энэ мэтээр он цагийг элээсээр, улс төрийн хийгээд өөр ямар нэг дуулиан шуугианыг далимдуулан чимээгүйхэн “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээх шийдвэрийг гардчихсан байдаг жишээ цөөн бус. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Төмөр замын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг ийм замаар орохгүй гэх баталгаагүй юм.

Х.Тулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ