Баривчилгаа Д.Сугараар үргэлжлэх үү

Авлигатай тэмцэх газар, прокуророос хаврын улс төржилттэй зэрэгцэн “баривчилгаа ажиллагаа”-г нэгэнт эхлүүлжээ. Монгол Улсын эрх ашгийг хөндөж буй Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хууль бус асуудлуудад цэг тавих цаг хэдийнэ болсныг хууль, хяналтын байгууллагууд сая ухаарав уу гэлтэй.

Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

Үүний өмнө Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж, улмаар С.Баярцогт, Н.Ариунсан нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. “Баривчилгаа ажиллагаа” ухаандаа зүй ёсны дарааллаараа явж байна гэж харагдана.

“Жаст”-ын Ш.Батхүү ч мөн хоригдож буй. Гэтэл “Эрдэнэт” тойрсон асуудлаас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар яагаад “сугарч” үлдэв гэдэг асуулт эндээс урган гарах нь дамжиггүй.

Яг хориод хоногийн дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусна. Эцсийн мөчид түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хэд хэдэн шалтгаан үндсэндээ “амь орно”. Магадгүй өөрөө нэгэн цагт ам алдсан “Би шалгуулахад бэлэн” гэх үг ч хүчийг олж мэдэх юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүртэл “Авлигатай тэмцэх газраас УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн санал тавьж байсан. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Прокурор “Энэ асуудлыг хаасан. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болмогц би өөрөө Д.Сугарыг шалгуулна” хэмээн хэлж байсан удаатай. Гэхдээ Даваасүрэн сайд Авлигатай тэмцэх газарт хандсан хандаагүй “Эрдэнэт” тойрсон асуудалд тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын алба хашиж байсан Д.Сугарыг шалгахгүй өнгөрнө гэвэл ерөнхий процессын хувьд ч дэндүү “үнэмшилгүй” болчихно. Тиймээс “Цэцийн гишүүний дээр хөх тэнгэр л бий” гэх дам яриаг хагалж, хэн бүхний дээр “хууль” гэх хөх тэнгэр бийг сануулах эсэх шийдвэр нь Авлигатай тэмцэх газар, прокурорт үлдэх юм.

-Д.СУГАРЫГ ШАЛГУУЛАХ ЭРХ МАН-Д ҮЛДЭНЭ-

Энд нэг асуудал тун сонирхолтой байгаа нь Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болсон ч түүний дараагийн хүнийг томилох хүртэл тэрбээр Цэцийн гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэж буй тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 4.3-т зааснаар Цэцийн гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно гэсэн байдаг.

Ингэхээр дараагийн хүнийг томилох хүртэлх тодорхой хугацаанд тус хуулийн 5.1-т заасан “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж, Д.Сугарыг бат хамгаалах нэгэн чухал заалт үйлчилсээр байх юм.

Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэх нь УИХ-д үлдэж байна гэсэн үг. Учир нь УИХ-аас хэдийчинээ хурдан түүний дараагийн хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАН-ын хувьд намынхаа лидер болсон С.Баярыг төвөггүй хорж шалгуулж дөнгөсөн юм чинь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй гэж бодох юм. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг үндсэн зарчим МАН-д бий эсэхийг харах л үлдлээ.

Т.Батсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ