Ж.Энхбаяр: Хэдий болтол намын ард нуугдаж, муу бүхнийг хаацайлах юм бэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-ОЮУТОЛГОЙГООС 20 ХУВИАС ДООШГҮЙ РОЯЛТИ АВАХ НЬ УЛС ОРНЫ
ЭРХ АШИГТ НИЙЦНЭ-

-Оюутолгойн гэрээг эргэн харах нөхцөл үүсч магадгүй тухай яригдаад эхэллээ. Таны байр суурийг сонсъё?

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий. Түүнээс биш Оюутолгой төслийг зогсоох асуудал байж болохгүй. Хоёр тал ширээний ард суух хэрэгтэй. Монгол Улс аливаа уул уурхайн төсөлд хувь эзэмшиж оролцох нь таатай бус гэдгийг “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгойн” үйлявдлаас харлаа. Роялти буюу борлуулалтын орлогоос шууд авдаг татварын тогтолцоог төр өмөөрдөг нь уул уурхайг тойрсон энэ авлига, гэрээ хэлцэл, улс төрчдөөс ангид байх суурь нөхцөл байна гэдгийг бид ухаарлаа.

Өнөөдөр 34 хувиас илүү Оюутолгойн экспортын 20 хувийн орлогыг шууд улсын төсөвт авдаг болох асуудлыг ярьж байна. Энэ түүхий эдийн үнэ унах уу, өсөх үү, бидэнд хамаагүй. Үйлдвэрлэл өндөр өртгөөр явна уу, бага өртгөөр явна уу гэдэг нь Монгол Улсын асуудал биш. Гол нь тэр уурхайгаас гарсан бүтээгдэхүүн, борлуулалт болгоны 20 хувь Монгол Улсын төсөвт татвар хэлбэрээр ордог байх ёстой.

-Тэгэхээр Монголын талын хувийг нэмэгдүүлэхийн оронд роялтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж та хэлэх гээд байна уу?

-Бид 34 хувиар асар их хэмжээний зээл авч, нэг талдаа өрөнд орж байна. Хүүг хөрөнгө оруулалтаар нөхөж дуусна. Тэгээд өөрийн 34 хувьд ногдох зээлээр санхүүжүүлсэн тэр зээлээ төлж дуусна. Тэрний дараа ногдол ашиг олно гэдэг 2020-2030 оны асуудал болж хойшилно. Иймээс экспорт хийх болгонд хувь татварын хэмжээгээр хүү аваад явах боломжтой. Жишээлбэл, Оюутолгой өнөөдөр хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж байгаа бол бид улсын төсөвт жил болгон 400 гаруй сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг Оюутолгойгоос шууд орж ирэх болно. Ийм боломж бий.

Энэ нь өөрөө роялти буюу баялгийн сан болж, Монгол Улсын бусад эдийн засгийн салбарыг босгох нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Тийм боломжийг уул уурхайн салбараас бий болгох хэрэгтэй. Мэдээж бусад гааль, НӨАТ, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн ашиг орлогын татвар мэдээж хуулийн дагуу төлөгдөнө. Өөрөөр хэлбэл Монгол Улс Оюутолгойн хувиас татгалзаж, роялти буюу борлуулалтын орлогын 20-иос доошгүй хувийг шууд авахаар гэрээгээ өөрчлөх нь улс орны эрх ашигт нийцнэ. Хэрвээ гэрээнд роялтийн тоог нэмэгдүүлж чадвал төсөвт орох мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг юм.

-ХЭДИЙ БОЛТОЛ НАМЫН АРД НУУГДАЖ МУУ БҮХНИЙГ ХААЦАЙЛАХ ЮМ БЭ-

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орны эрх, ашигт шийдвэр гаргах ийм чухал асуудалд авлига, хээл хахууль авах замаар, нөгөө талдаа давуу талыг олгосон бол улс, үндэстнээсээ урвасан гэмт хэрэг болно. Ийм асуудал нотлогдвол “Рио Тинто” компанитай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болох учиртай. Гэхдээ Оюутолгой төсөл Монгол Улсын эдийн засагт үзүүлж байгаа байр суурь, нөлөөг бид сайн тооцох ёстой. Хэрэв алдаа гарсан бол хоёр тал алдаагаа ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж, гэрээгээ сайжруулах шаардлага бий.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг шалгахдаа улс төржихгүйбайхыг сөрөг хүчин анхааруулсан. Учир нь улс төржилт орж, МАН-аас оролцсон хүмүүсийг шалгахгүй байна гэх шүүмжлэлийг ч мөн хэлсэн. Та юу хэлэх вэ?

-Шалгалтыг нам хийхгүй. Хууль хяналтын байгууллага хийнэ. Тэгэхээр энэ асуудалд оролцсон, тухайн үед болсон асуудлыг хамруулсан том шалгалт үргэлжлэх ёстой. Ялангуяа 2008 оны УИХ-аас маш олон зүйл тодруулж, эргэж санах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед болсон бүх үйл явц, протокол шийдвэрүүдийг намаар үл ялгаж, авч үзэх ёстой. Монголын ард түмэнд амласан амлалт, хөрөнгө оруулалт, цаг хугацаа гээд маш олон зүйл өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхөд ямар ямар хүмүүс оруулж ирэв, хэн дэмжив, яагаад ийм байдалд оров, үүнийг дагасан ямар нэгэн авлига, хээл хахуулийн асуудал байна уу гэдгийг шалгах ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаанд Монголын тал Арбитрын шүүхэд ялагдахгүй байх боломж байсан ч албаар ялагдсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Улс эрх орныхоо эрх ашигт санаатайгаар нөлөөлсөн аливаа хүнийг эх орноосоо урвасан гэж үздэг. Магадгүй төрийн эсрэг гэмт хэрэг болж хувирахыг үгүйсгэхгүй. Нийгэм уул уурхай, том төслүүдийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудлыг үл тэвчих нөхцөл байдал бий болж байна. Тэгэхээр УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг үүний эсрэг тууштай явна. Бүх мэдээллийг ил тод болгох талаас нь ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн хуулийн коридор гэх айхтар нэр томъёо гарлаа шүү дээ. Цагдаа, Шүүх, АТГ, тагнуул дамжсан коридор бий болсон. Дундуураа тэр коридороор гүйлгэдэг. Үүгээр хүнд хэрэг үүрүүлдэг, өмч хөрөнгөөр нь дарамталдаг, бизнесийг нь булаадаг, ял өгдөг. Үүнтэй холбоотойгоор өөр өөрсдийгөө хамгаалдаг. Энэ ноцтой зүйл. Үүнийг шалгах хэрэгтэй. Цаг нь болсон. Хэдий болтол намын ард нуугдаж, улс төр хийж муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ.

-ЦУС ОЙРТОЛТООС ҮҮДЭЛТЭЙ ХҮНИЙ ЁСНООС ГАЖУУД
ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА-

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим ноцтой гэмт хэрэг дээр Цаазын ялыг сэргээх тухай санал гаргаж байна. Та уг саналыг дэмжиж байна уу?

-Нэг сонирхолтой судалгаа хэлье л дээ. Бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь цаазаар аваад өгөөч гэж хүсдэг аж. Бүх насаар нь хорино гэдэг хүний нийгмийн амьдрал маш давчуу орчинд тусгаарлагдаж байгаа юм. Тэгэхээр энэ бол хүнд ял. Бид энэ асуудал дээр сайн ярилцах ёстой. Мэдээж Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж байна. Асуудлыг аль өнцгөөс нь харсан, ямар судалгаанд үндэслэж байгааг нь ярилцах нь зүйтэй.

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдийг цаазаар авах тухай асуудал хөндөгдөж байна гэж ойлгож байгаа. Ийм тохиолдолд сэргээж болох уу?

-Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон учраас энэ асуудлыг маш нухацтай ярилцах хэрэгтэй. Өмнөх Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилж орж ирэхэд нэлээд маргаан дагуулж байсан. Миний хувьд тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Нөгөө талаасаа цаазаар аваад, нийгэмд гарч буй гэмт хэргийн үзүүлэлт багасах уу гэдэг үр дагаврыг харах хэрэгтэй. Гэхдээ энэ асуудалд улс төрийн хөөрлөөр хандаж болохгүй. Энэ дээр яг нийгмийн судалгаа хийдэг сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй.

Энэ гэм бурууг яаж шийдэх нь эцэстээ улс орны хувьд нийгмийн үр дагавар байдаг. Сүүлийн үед таагүй, халагламаар аймшигт гэмт хэргүүд их сонсогдож байна. Хамгийн түрүүнд цус ойртолтын асуудал байх вий гэж би харж байна. Цус ойртолт их явагдсан газруудад ийм хүний ёсноос гажууд гэмт хэрэг гарч байна гэж бодож байна. Цус ойртсоноос болж хүний оюун санаанд өөрчлөлт ордог. Эрүүлээр сэтгэх чадвараа алддаг. Иймд нийгмийн хүчин зүйлсийг ажиглаж, судлах хэрэгтэй.

Ц.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ