Монголчууд хэзээ хашрах вэ?

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан санхүүгийн луйврын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, “Понзи залилан” гэгдэх санхүүгийн луйврын системийг Монгол Улсад нэвтрүүлсэн нь илэрхий болсон ба үүнд өртөгсөд нь ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэд, санхүүгийн мэдлэггүй хүмүүс байжээ.

Энэ залилан одоогоос хоёр жил орчмын өмнө Ирландад байгуулагдсан гэх “Stamford trading technologies" ХХК-иас гарсан аж. Хамгийн гол нь, энэ компани залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулаад чамгүй хугацаа өнгөрч, байдал нэгэнт бишидсэний дараа Ирландын Төвбанкнаас шалгалт оруулахад санхүүгийн бүртгэлгүй, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байжээ.

Тиймээс тус компанийг татан буулгасан ч өнөөг хүртэл өөрсдийн нэрийг ашиглан зүүн Европ, Азийн орнуудад залилан хийсээр байгаа тухай цагдаагаас анхааруулж байна. Уг сүлжээний зүгээс иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа таван хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэсэн тайлбар өгдөг.

Тиймээс иргэд авах ашгийг л бодож, цаашдын үр нөлөөг тооцолгүйгээр мөнгөө бусдад залилуулдаг аж. Хамгийн ноцтой нь, энэ луйврын сүлжээ хөдөө орон нутагт нэлээд түгсний дараа цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн байх юм. Ер нь монголчууд хэтэрхий хэнэггүй, гэнэн итгэмтгийн дээр санхүүгийн мэдлэггүйгээсээ гадны луйварчдын идэш болсоор л байна.

Одоогийн байдлаар дээрх луйварчдад хэчнээн хүн залилуулж, хэр их мөнгөө салхинд хийсгэснийг тогтоогоогүй байгаа. Уг нь одоогоос жил гаруйн өмнөхөн Жи Тайм гэгч санхүүгийн пирамидан луйварт олон арван мянгаараа элсэж, 22 тэрбум төгрөгийн хохирол амссан хэрэг шийдэгдээгүй байгааг хэн хүнгүй мэдэх учиртай.

Цалин, тэтгэврээ зээлж, танил талаасаа хуурмаг ам өгөн байж олсон хэдэн төгрөгөө Казахстанаас гаралтай Жи Тайм сүлжээнд өгсөн хүмүүс өнөөг хүртэл нэг ч төгрөг эргүүлж авч чадаагүй. Бүр цагдаагийн байгууллага, татварын албадаас хүртэл онцгойлон анхааруулаад байхад иргэд хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ сүлжээнд элсэж байсан. Тухайлбал, ээж, охин, эмээ гурав тус тусдаа цалин, тэтгэврийн зээл авч, бүх мөнгөөрөө хамаатан садныхаа нэрийг ашиглан пирамид үүсгэж, Жи Таймд элссэн тохиолдол ч байсан.

Хохирогчид нийт 37 сая төгрөгийг энэ сүлжээнд тавиад туучихсан бөгөөд сүүлд нь уйлж, халаглан байгаа бичлэг нь цахим ертөнцөөр тархаж байлаа. Бас нэг залуу ээжийнхээ найз нарыг бүгдийг нь үүн рүү татан оруулснаас болоод адагтаа үсдүүлж, зодуулсан хэрэг ч гарсан. Бүр төлж барамгүй их өр тавьж, Жи Таймд элссэнээсээ болоод амиа хорлох гэсэн нэгэн хүн эмнэлэгт албадан эмчилгээнд орсон нь ч хэвлэлээр бичигдэж байв.

Гэтэл "Жи Тайм” гэх сүлжээний залиланг Монсяйд нэвтрүүлж, манай олон иргэнийг хохироосон Казахстаны иргэн, 60 настай Маженов Маратад холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үед оргон зайлсан гэх мэдээлэл тархаад эхэллээ. Түүнийг Мөрдөн байцаах албанаас гуравдугаар сарын 28-наас эхлэн эрэн сурвалжилж, өнөөг хүртэл олдохгүй байгаа тул өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас улсын хэмжээнд зарлав.

Тэгэхээр иргэдийн өөрсдийн болгоомжгүй үйлдлээс болж алдсан 22 тэрбум төгрөгийг эргүүлэн олж авахад дахиад ч их хугацаа зарцуулах бололтой. Эсвэл бүр мөсөн алдсан байж ч мэднэ.

Ингээд харахад, монголчууд сургаар сонссон төдий, баталгаа нотолгоогүй ч их мөнгө амласан элдэв луйврын сүлжээг хошуурч, бүх нийтээрээ хохироод ч хашир суухгүй хүмүүс ажээ. Уг нь “Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л бий” гэдэг. Харин манайханд гашуун туршлага, сургамж байгаад ч нэмэргүйг дээр дурдсан “Понзи залилан”-гийн хэрэг гэрчилж байна. Ер нь дан ганц санхүүгийн сүлжээний луйваргэлтгүй өөр олон залиланд иргэд бөөн бөөнөөрөө мэхлэгдэх нь бий.

Наад захын жишээ нь, Солонгос явуулж өгнө гэсэн зар. Хамгийн сүүлд л гэхэд, "Хас Ган” гэх нэртэй хуурамч компани БНСУ руу ажилд зуучлах нэрийдлээр иргэдийг хохироосон хэрэг гарчээ.Тэд "Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ” гэх зараар хүмүүсийг "далладаг” байжээ. Одоогийн байдлаар гэмт этгээдүүд 40 орчим иргэнийг залилан мэхэлж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Ер нь монголчуудыг гадагш зуучилж өгнө, ажилд оруулна, гадаад хүнтэй танилцуулна гэх аргаар залилсан тохиолдол олон. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Уг сэрэмжлүүлэгт “3ээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбуүк хаягаас зарын группүүдээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу. Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Гол нь ийм сэрэмжлүүлэг байнга гаргаад ч нэмэргүй гэдгийг цагдаагийнхан харамсан ярьж байсан. Өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд банк санхүүгийн байгууллагад ажиллагсад, татварын мэргэжилтнүүд ч ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байдаг аж. Тэгэхээр хатуухан өгүүлэхэд, монголчууд гэнэн итгэмтгий, эсвэл хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналаасаа болж луйварчдын хөнгөн зууш болох уу, үгүй юу гэдэг нь иргэн хүний л сонголт болж таарч байна.

Р.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ