Дуулиан: Ч.Сайханбилэгийг баривчилсан уу?

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан гэх асуудлаар Шийдлийн засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг сэжигтнээр татан АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэрбээр Монголдоо ирсэн бөгөөд АТГ-аас мэдүүлэг өгөхийг шаардсаны дагуу очих үед нь прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад 'Одоогоор АТГ-аас Ч.Сайханбилэгийг саатуулах хүсэлт албан ёсоор ирээгүй' гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ч.Сайханбилэгт таслан сэргийлэх арга хэмжээ авсан байж болзошгүй гэнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ нь ажил үүргээ гүйцэтгэхийг нь түр хориглох, хилээр нэвтрэх зэрэг таван арга хэмжээ авдаг юм байна.

Түүнийг оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан бөгөөд үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 'Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга' хэмээн АНУ-гаас захидал бичсэн байдаг.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ