Д.Дамба-Очир: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь шалгана
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Та “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Арбитрт ялагдсан шалтгааныг судалж үзсэн үү?
-Надад “Эрдэнэт” үйлдвэрээс авсан материалууд бий. Би энэ материалууд дээр л үндэслэж ярьж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр эхний удаад Стандарт банкнаас 20 сая ам.долларын зээл авсан байдаг юм билээ. Гэхдээ “Жаст” компаниас Ш.Батхүүгээс дизель түлш аваад, “Эрдэнэт” Стандарт банкнаас авсан 20 сая ам.долларт өмнөөс нь зээл төлсөн байсан. Дараа дараагийнх нь буюу дөрвийн дөрвөн гэрээг “Жаст” гэх үү Ш.Батхүү гэх үү хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ дөрвөн гэрээ нь нийтдээ 171 сая ам.доллар болсон юм билээ. Энэ зээлээ төлөөд явж байснаас дампуураад, банкаа хураалгаад, үндсэндээ 51 сая ам.долларын өр үлдсэн нь өнөөдөр маргаан дагуулаад байна.
Энэ өр өнөөдөр хүү торгуультайгаа нийлээд 90 гаруй сая ам.доллар болсон байгаа юм. Төмөр зам дээр яг ийм адил жишиг байгаа. Төмөр замынхан харин Арбитрт хүргүүлэлгүйгээр баталж өгсөн байсан. Яагаад “Эрдэнэт” өнөөдөр Арбитрт дээр очив гэхээр хоёр материал гаргаж өгөх ёстой байсныг гаргаж өгөөгүй юм билээ. Үүнийг шалгах ёстой. Гэрээн дээр байгаа гарын үсгийг нь хуурамч гэдгийг гадны шинжээчид, мэргэжилтнүүд тогтоочихсон. “Эрдэнэт”-ийнхэн хуурамч гэрээ байна аа, гэрээгээ гаргаж өг гэхэд нь гаргаж өгөөгүй байгаа юм.
-Монголын тал ямар шалтгаанаар Арбитраас нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөлгүй ялагдчихсан юм бэ?
-Монголын талаас Арбитрт тэр гэрээнүүдийг яагаад, хэн гаргаж өгөөгүй юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсээс асуух ёстой. Ш.Батхүү, Стандарт банк хоёр хуйвалдаж хийсэн нь харагдаж байгаа. Стандарт банк бол том банк. Тэгэхээр Стандарт банкинд зээл өгч байсан, оролцож байсан хүмүүс “Жаст”-ынхантай, Ш.Батхүүтэй хуйвалдаж байсан нь харагдаж байна. Стандарт-тэр том банк Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрт очиж байж, ширээний ард сууж байгаад гарын үсэг зуруулж таарна.
Гэтэл тийм юм хийгдээгүй байгаа юм. Арбитр үндэслэлтэй материалууд гаргаж өг гэхэд гаргаж өгөхгүй байна гээд шийдвэрээ гаргалгүй яах вэ дээ. Гаргаж өгөх ёстой хугацаанд нь гаргаж өгөөгүй байж дараа нь 51, 49 гээд гээд яагаад гүйлдээд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр энэ өрийг төлөх ёсгүй. Энэ бол луйврын шинжтэй, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа. Ш.Батхүү шоронгоос бичсэн захидалдаа бодит байдлыг яг л бичсэн байна лээ шүү дээ. “Би “Эрдэнэ” үйлдвэрээр тамга гарын үсэг зуруулах гээд хичнээн очиж гуйгаад ч чадаагүй. Тэгээд сүүлд нь хуурамчаар гарын үсэг, тамга хийчихсэн” гэж л ярьсан байсан.
-Та Эрдэнэт хотоос сонгогдсон, асуудлыг ойроос мэдэж байгаа хүний хувьд хэнийг хардаж байгаа вэ?
-Энэ зээлийн асуудал бол “Жаст” компани Стандарт банк хоёрын л асуудал. Үүндээ “Эрдэнэт” үйлдвэрийг татаж оруулах ёсгүй байсан. “Жаст” компани Стандарт банкинд зээлээ төлөх ёстой л байсан. Аж ахуйн нэгжүүд банкнаас зөндөө зээл авч байдаг. Гэтэл Ш.Батхүү бол банк өөрт нь итгэж зээл өгөхгүй болонгуут "Эрдэнэт" үйлдвэрийн нэрээр баталгаа гаргуулсан маягтайгаар хуурамчаар материал бүрдүүлсэн нь луйврын гэмт хэргийн шинж чанартай юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Үүнд тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд болоод Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурсан гээд байгаа. Сугар, Ганзориг нарын нэр яригдсан нь ийм асуудал байгаагүй байжээ. Яагаад харин өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавиад байна вэ. 2013 оноос хойш шүүхдэж байгаа асуудлыг одоо яагаад гаргаж тавиад байна. 49-ийн талтай холбогдуулж тавиагүй юм бэ.
-“Монголын зэс” корпорацийнхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудад урамшуулал олгосон тухай баримт дэлгэгдсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-"Эрдэнэт"-ээс хулгай хийж болохгүй. Яах вэ, "Эрдэнэт үйлдвэр" ашигтай ажиллаад, үйл ажиллагаа нь сайн явж байгаа бол удирдлагуудад нь урамшуулал өгдөг л дөө. Гэхдээ тэр баримтаас харахад нэг хүнд 500 мянган ам.доллар гэдэг бол их мөнгө сонсогдож байна.
-Та Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Ажлын хэсгийн явц аль шатандаа яваа талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Ажлын хэсэг мягмар болон пүрэв гаригт мөн хуралдсан. Одоогоор бэлтгэл ажлууд явж байна. Ирэх долоо хоногоос шалгалтын ажил Оюутолгой дээр явж эхэлнэ. Энэ долоо хоногт ажлын дэд хэсгийг байгуулж, удирдамжуудаа батлуулах гээд олон бэлтгэл ажил хийгдэж байна.
-Оюутолгой компанид тавигдсан татварын актыг “Turquoise hill resources” компани хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудал үүссэн. Үүнийг ажлын хэсэг шалгах уу?
-Татварын асуудлыг шалгана. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш үндсэндээ есөн жил өнгөрсөн байна. Иймээс гэрээг бүхэлд нь шалгах нь зүйтэй. Энэ хугацаанд хичнээн ч улс төржиж, хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярив. Тэгэхээр энэ бүгдийг шалгана. Энэ гэрээнд Монголд хохиролтой заалт байгаа бол засах нь зүйтэй.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах нөхцөл байдал хөндөгдөх үү?
-Энэ тухай урьдчилан хэлэх боломжгүй. Ажлын хэсэг шалгалтаа хийчихээд дүгнэлтээ гаргаад, УИХ-д танилцуулна. УИХ хэлэлцээд, уг асуудлаар гэрээний ширээний ард суулгах юм уу, үгүй юу гэдэг УИХ-ын эрх мэдлийн асуудал.
Ц.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ