П.Батсайхан, Р.Базар, Ц.Болдбаатар нар С.Баярцогтын “Оффшорын холбоотнууд" уу
“Transparency anonymous” бүлгэм нь олон улс даяар авлигын хэргийг олон нийтэд ил тод болгодог бөгөөд тэд дэлхий даяар өөрсдийн дэмжигчдийн хувь нэмрээр авлигатай холбоотой мэдээллүүдийг олж авдаг байна. Уг бүлгэмээс манай улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой оффшор дансны мэдээллийг цуглуулсныг бид орчуулан хүргэж байна.
-БАЯРЦОГТЫН ОФФШОР ДАНСНЫ ТАЛААРХ НУУЦ МЭДЭЭЛЛҮҮД-
С.Баярцогт нь 2008 онд Швейцарьт байдаг оффшор дансаа нуухын тулд оффшор бүсэд компани байгуулсан. Тэрбээр “Credit Suisse” банкинд данс нээхийн тулд “Legend Plus Capital Limited” компанийг тус банкны харилцагчийн менежер Лео Шиугийн тусламжтайгаар үүсгэн байгуулжээ.
2009 онд “Credit Suisse” банкинд данс нээсэн бөгөөд Australian New Zealand /ANZ/ банкнаас 9.2 сая ам.доллар шилжүүлжээ. 2013 онд С.Баярцогт нь “Credit Suisse” банкнаас тусгай зэрэглэлийн үйлчилгээ /premium service/ авахаар Лео Шиутай оффшор дансан дахь мөнгөний хэмжээгээ нэмэх талаар хэлэлцсэн.Энэ уулзалтаар С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгө хамгийн багадаа 50 сая ам.доллар байх ёстой гэжээ.
Бидний мөрдлөг судалгааны үр дүнгээс харахад С.Баярцогтын оффшор дансан дахь гүйлгээ түүнийг Сангийн сайд байх үед “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээний хаалт хийж байх цаг үетэй таарч буй юм. 2013 онд С.Баярцогт нь өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилд 490 мянган ам.долларын орлоготой, компаниудынх нь нийт үнэлгээ 6.3 сая ам.доллар хэмээжээ. Тэрбээр “Credit Suisse” банкинд нэг сая ам.доллартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бидний олж илрүүлсэн дүнтэй зөрүүтэй байгаа юм.
-БАТАЛГАА БУЮУ ТҮҮНИЙ ЗАХИДЛУУД-
2008 оны гуравдугаар сард түүний оффшор бүсэд байгуулсан “Legend Plus Capital Limited” компанийг хүлээн зөвшөөрч, тус компанид үйл ажиллагааны эрх олгож буй захидлыг дурьдаж болно. /Тус компаниа бүртгүүлэхдээ Хятадын Монголын Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Сэлбэ хотхон хэмээн мэдүүлжээ/
2008 оны гуравдугаар сард С.Баярцогт “Credit Suisse” банкинд данс нээх хүсэлтээ гаргаж, тус банкнаас илгээсэн гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч хариу захидал илгээснийг хавсаргав.
2009 оны аравдугаар сард С.Баярцогтын дансанд 9.2 сая ам.доллар орсныг баталгаажуулсан Хятадын иргэн Лео Шиугийн захидлыг мөн хавсаргав.
2013 оны наймдугаар сарын захидалд Лео Шиу болон С.Баярцогт нар уулзаж, банкны дансаа өргөтгөх талаар ярилцсан тухай дурьджээ. Уг захидалд “Ноён С.Баярцогт болон Батсайхан Пүрэв та бүгдтэй дахин уулзсандаа таатай байна. Та бүгдтэй уулзсан уулзалт, яриа болон “Монет” рестораны хоол надад таалагдсан. Маш гайхалтай байсан. Та бүгдийн хүссэнчлэн бид та бүхэнд тусгай зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхдээ таатай байх болно” гэх утга бүхий захидлыг мөн хавсаргажээ.
-СУДАЛГАА, МӨРДЛӨГ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ-
-С.Баярцогт яагаад өөрийн оффшор дансан дахь мөнгийг нэг сая ам.доллар хэмээн худал мэдүүлсэн бэ?
-С.Баярцогтын “Credit Suisse” банкны данс руу “Australian New Zealand” /ANZ/ банкнаас мөнгө шилжүүлсэн байдаг. Хэн, ямар учраас мөнгө шилжүүлсэн бэ?
-С.Баярцогт яагаад оффшор дансны доод хэмжээгээ 50 сая ам.доллар болгон өргөжүүлэх хүсэлт гаргав? Түүний хөрөнгө орлого энэ хэмжээний мөнгөн дүнд хүрэхгүй.
“Рио тинто” групп болон Монголын Засгийн газар хооронд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярцогтын гол үүрэг юу байв” хэмээн тус бүлгэмээс дээрх баримтуудыг дэлгэжээ. Мөн сүүлд нь хавсралт болгон “С.Баярцогтын ОФФШОР ДАНСНЫ ХОЛБООТНУУД хэмээн гурван хүнийг нэрлэсэн байв. Үүнд АПУ компаниар овоглодог П.Батсайхан, “Ньюком” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар, “Алтайн хүдэр” уул уурхайн компанийн захирал Р.Базар нарыг бичжээ.
-С.БАЯРЦОГТЫН ОФФШОР ЯМАР ДАНСТАЙ ЯМАР ЭРХМҮҮД ХОЛБОГДОВ-
Нэгэн үе С.Баярцогт оффшор дахь дансандаа 1 сая ам.доллар хийгээд мартсан, найз нартайгаа хамтарч тэнд компани байгуулсан гэсэн утга бүхий тайлбар хийсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл түүнтэй хамтарч оффшорт компани байгуулсан найзуудынх нь талаар мэдээлэл хомс хэвээр байгаа юм. Улмаар С.Баярцогт саяхан мэдээлэл хийхдээ Швейцарь дахь мөнгө нь Монголын нэр бүхий бизнесменийх гэж зарласнаар дахин нэг шинэ хүний эрэл үүссэн билээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос гаргаж байсан авторгүй нийтлэлд С.Баярцогтын дансны холбоосыг дараах байдлаар тоймлон үзүүлсэн байдаг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Уг дансны холбоосонд дурдагдсан эрхмүүд хэн болох талаарх товч мэдээллийг хүргэж байна.
ПҮРЭВИЙН БАТСАЙХАН гэж хэн бэ
Олон нийтийн мэддэгчлэн, П.Батсайханыг “АПУ” гэх тодотгол салахгүй дагадаг. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн төрсөн дүү тэрээр “MCS”-ийн Ж.Оджаргал, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил хоёртой үй зайгүй найзууд гэлцдэг. Одоогоор П.Батсайхан “Шунхлай” группийн ерөнхийлөгч, “АПУ” хувьцаат компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн гэсэн албан тушаалууд хашиж байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүү нэгэн үе “Алтан гадас” фракцид багтаж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай улс төрийн карьераа ижилсүүлж явсан удаатай. Харин П.Батсайханы хувьд “Миний хувьд ахаасаа ч түрүүлж бизнест хөл тавьсан. Ахыг 1996 онд улс төрөөс түр хөндийрсөн тэр үед бид хамтарч бизнес эрхэлж байлаа. Би хэзээ ч ахынхаа нөмөрт байж, нууц ноёнтны дүр эсгэж явсангүй” хэмээн ярьсан нь бий. Мөн тэрээр “Уран зургийн үнэтэй ховор хувийн цуглуулгатай, залууст үлгэр жишээ болсон нэгэн” гэх ерөнхий имиж бүрдүүлэх болсоор удаж байна.
ЦЭРЭНПУНЦАГИЙН БОЛДБААТАР гэж хэн бэ
Азийн тэрбумтнуудын эгнээнд зүй ёсоор багтдаг Ц.Болдбаатар гаднаас бизнесээ амжилттай удирддагаараа ихээхэн алдартай. Тэрээр “Изинис сервис”, “Мобиком” корпораци, “Ньюком” группийн хувьцааны нэлээд хэсгийг эзэмшдэг гэх мэдээлэл бий.
Хэвлэл мэдээллийнхний нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй эл эрхэм барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээврийн салбарт амжилттай ажиллаж буй. Тэрээр 2017 онд 800 сая ам.долларын орлоготой ажиллаж, Монголын баячуудын долдугаарт бичигдэж байв.
РАДНААБАЗАРЫН БАЗАР гэж хэн бэ
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг буюу Бага Таянгийн нурууны хойд хэсэгт төмрийн хүдрийн томоохон орд эзэмшиж буй “Алтайн хүдэр” компанийн эзнээр Р.Базар нэрлэгддэг. Хэвлэл мэдээлэл болоод ажилтан ажиллагсад, нутгийн зон олноос ихээхэн шүүмжлэл хүлээдэг тус компани өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Хэвлэлүүд Р.Базарт огт хууль үйлчилдэггүй хэмээн цохон бичдэг ч тэр ил гарч, байр сууриа илэрхийлээд байдаггүй нэгэн.
Цагтаа Монголд алдарт “МакДоналдс”-ын сүлжээ байгуулна хэмээж явсан эл эрхэм улс төрийн хүрээнийхэнтэй дотно нөхөрлөж, тэр хэрээр ажил үйлс нь урагштай явдаг гэлцдэг.
-С.БАЯРЦОГТ ЮУ ХЭЛЭВ-
С.Баярцогт өөрийн оффшор дансны асуудалд “Швейцарийн хуулийн байгууллагаас царцаасан данс бол Монголын бизнесменийх. Тэр хүний данснаас миний данс руу мөнгө ороод, 2009 онд эргээд гарсан. Өнөөгийн ханшаар ам.долларт шилжүүлэхээр 10 сая орчим болж байгаа юм.
2013 онд энэ төрлийн асуудал сөхөгдөх үеэр тэр дансанд миний 1.2 сая ам.доллар байсан. Тэр мөнгө одоо байхгүй. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор эргүүлж татсан байдаг” хэмээн хэлсэн. Энэ нь түүний талаарх баримтуудад дурьдсан мөнгөн дүнтэй зөрж буй юм.
Мөн түүний хэлсэн “нэгэн бизнесмен” гэдэг нь АПУ-гийн П.Батсайхан байв уу? Тэгвэл тэрбээр ямар шалтгаанаар түүнээс 9.2 сая ам.доллар авч дансаараа дамжуулсан болох, мөн дансныхаа мөнгөн дүнгийн хэмжээг 50 сая ам.доллар болгон өргөжүүлэх гэж байсан эх үүсвэр нь хаанаас орж ирэх гэж байсан зэрэг асуултууд эндээс урган гарч буй юм.
Иймд Р.Базар, Ц.Болдбаатар, П.Батсайхан, С.Баярцогт нарын хооронд ямар холбоо байна вэ гэдэг асуултын хариулт хууль хяналтынханд үлдээх нь зөв болов уу.
Ж.Мядагбадам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ