Х.Болорчулуун: "Стандарт" банкнаас зээлсэн өрийг 49 хувийнхан худалдаж авсан байж магадгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Хаврын чуулганаар хэд хэдэн томоохон хуулийн төслийг хэлэлцэнэ. Таны хувьд эдгээрээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нэг гишүүний ард итгэлээ өгсөн олон мянган иргэд байгаа. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүд хуралдаа тогтвортой суудаг, хүний кноп дарах зэрэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Үүний хажуугаар тухайн гишүүний карт, хурууны хээгээр ажилладаг тоног төхөөрөмжийг танхимдаа суурилуулах нь чухал байна. Мөн ирцээ бүрдүүлсэн ч ажил хэрэгч байдлаар ажиллах нь зүйтэй. Байнгын хороонд 19 гишүүн байдаг.

Гэтэл 10 хүрэхгүй гишүүн хуралдаж байгаа нь чанартай, урт настай хууль гаргахад сөргөөр нөлөөлж байна. Дэгийн хуулиар энэ бүхэнд нэлээд өөрчлөлт оруулна гэсэн хүлээлттэй байгаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Үүгээр УИХ-ын гишүүн сайд хийж, засаглал, хууль тогтоох байгууллага холилдож байгааг засах хэрэгтэй. Сайд гишүүн ажилдаа түүртэж ядарлаа гэдгээ хэлж байна ш дээ. Салгах нь зүйтэй гэдгийг ч хэлж байна.

Гишүүн нь гишүүнээ хийж хуулиа тогтооё, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавья. Харин тухайн салбараа мэддэг хүн нь салбараа тодорхойлмоор байна. Эдгээр нь Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлт гэж бодож байна. Түүнээс гадна аймаг сумдын даргыг яаж сонгох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрэв сумын даргыг ард иргэдээс сонгодог болбол намчирхах байдал арилна. Бид олон жил намчирхаж, одоо үр дүн нь ямар байна. Нам барьсан, намын толгойд байсан хэдэн хүн хожиж, баяжиж, түрүүчээсээ шоронд орж эхэллээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэдэг байр суурийг зарим гишүүд хэлж байна. Үүнд ямар саналтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг би хувьдаа дэмжихгүй байна. Парламентын засаглалаа төгөлдөршүүлж, гишүүд нь мэргэшсэн байж зөвхөн хууль тогтоомжоо тогтоон, гүйцэтгэх засаглал руугаа ордоггүй байя л гэж байгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд хоёр том гүрний дунд байгаа манай Ерөнхийлөгчийг дуудаж цаанаа шахалт, дарамт үзүүлэх эрсдэлтэй. Харин олонхоороо шийдэж байгаа үед энэ дарамтаас гарах нэг арга зам юм.

-“Оюутолгой” төслийн гэрээтэй холбоотойгоор зарим хүнийг баривчлан саатуулаад байгаа. Энэ асуудлыг хажуугаар гэрээг шинээр үзэглэх боломж гэж харах хүмүүс байна. Таны хувьд үүнийг юу гэж дүгнэж байгаа юм бол?

-Энэ бол зүй ёсны асуудал. Учир нь “Оюутолгой” компаниас Монгол Улс ашиг хүртэж чадахгүй байгаа. Гэтэл Оюутолгойн орд нь дэлхийд хэмжээгээрээ нэг, хоёрдугаарт ордог, Эрдэнэтийн ордоос тав дахин том орд. Ийм ордоос ашиг хүртэж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Харин одоо л гаднын орнуудад давуу эрх олгосон гэрээ хэлэлцээрийг хийсэн хүмүүс шангаа хүртэж байна. Ер нь уг гэрээг байгуулахын өмнө гаднынханд тааламжтай байдлаар хуулиа засаж, залруулсан.

Жишээ нь, “Оюутолгой” компанитай 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ байгуулахаас 41 хоногийн өмнө буюу наймдугаар сарын 25-нд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, том аж ахуй нэрээр үлэмж хэмжээний хөнгөлөлт эдлүүлсэн. Энд гэрээг байгуулсан өдрөөс хойш найман жилийн хугацаанд 100 хувь, гэрээ байгуулсан өдрөөс өмнө 50 хувийн хөнгөлөлт эдлүүлэх зэрэг давуу байдлыг “Оюутолгой” компанид олгосон.

Хамгийн харамсалтай нь бид 34 хувийг үнэгүй авах байсан ч гэрээ байгуулахаас есөн сарын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5-т нэг өгүүлбэр оруулж, 670 сая гаруй ам.доллараар авахаар болсон юм. Гэхдээ “Рио Тинто” компани манайхаас энэ мөнгийг авахыг хүсэхгүй. Учир нь хүүнээс хүү бодож, нийлмэл хүүгийн замаар Монгол Улсыг шулж байгаа юм. 670 гаруй сая ам.доллар нь цаашдаа улам өсөж Монгол Улсыг ашиг авах боломжгүй болгох нэг хэлбэр.

Ер нь 34 хувийг үнэгүй авах байсан ч үнэтэй авах нь туйлын харамсалтай. Үүн дээр гар өргөж, кноп дарсан 14 гишүүн энэ 76 дотор байгаа. Ингэж бид өөрсдийнхөө баялагт эзэн болж чадахгүй, харамсалтай байдлаар давуу эрх олгож, ашиг хүртэж чадахгүй байдалд ороод байна. Түүнээс гадна Дубайн гэрээнд гарын үсэг зурсан Б.Бямбасайхан гэдэг хүнийг хорьсон. Дубайн гэрээ бол бүр тэнэг асуудал. Энэ гэрээгээр Монгол Улсын 30 жил авах ашгийг үгүй болгосон.

Уг нь манай улс 2022 оноос цэвэр ашгаа хүртэх ёстой байсан юм. Өнөөдөр Монгол Улсын төсөв гурван тэрбум ам.доллар хүрэхгүй байна ш дээ. Тэгэхэд “Оюутолгой” ордын үнэ цэнэ нь 400 тэрбум гаруй ам.доллар. Ийм үнэ цэнэтэй орддоо эзэн нь болж чадахгүй ашиглуулчихсан байна. Шуналтай хүмүүсийн гайгаар ч гэж хэлж болно. Тиймээс энэ бол нэг талаараа муу хүмүүсийг илчлэх цаг үе ирж байна. Нөгөө талаасаа Монгол Улс өрөнд орж, ард түмэн нь ядуурч, гашуун үнэнд гүйцэгдэж байна. Иймээс эдгээр хүмүүс хэргээ хүлээх цаг хугацаа иржээ гэж ойлгож байгаа.

-Ер нь УИХ “Оюутолгой” төслийн гэрээг үзэглэх эрхийг тухайн үед Засгийн газарт өгсөн нь буруу байсан юм биш үү?

-Дубайн гэрээг Ч.Сайханбилэг гэдэг хүн толгой мэдэн байгуулж, үүнд Ц.Элбэгдорж гэдэг хүн нөлөөлсөн. Үндсэндээ төлөвлөгөө нэрийн дор Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан. Энэ гэрээг ашиггүй болсон гэж үзсэн 17 хүн Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан нь 19 хүрээгүй учир чадаагүй. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднынхан орж ирж, баяр ёслолын байдалтай гарын үсэг зурж, 15 банканд Монгол Улсын газрын баялгийг тавьчихсан юм.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрч байсан. Тэр асуудал Ерөнхийлөгч асан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт очоод намжсан юм байна лээ.

-Ч.Сайханбилэг гэдэг хүн Монгол хүнд байж боломгүй зүйлийг хийсэн. Хоёр тэрбум ам.долларын асуудлыг тэглэхээс гадна 2010-2014 оны “Оюутолгой” компанийн санхүүгийн тайлангийн баримтыг манай тал зөвшөөрөөгүй байсныг тохиролцооны хэлбэрээр зөвшөөрөх үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын авах ашгийг энэ хүн дураараа үгүй болгосон.

-Нэгэнт сүүлийн үед шалгагдаж байгаа томоохон гэрээний талаар ярьж байгаа юм чинь ярилцлагаа “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар үргэлжлүүлье. Манай улсын Засгийн газар Арбитрын шийдвэрийг аваагүй байгаа гэх мэдээлэл байна. Гэтэл энэ өрийг төлөх тухай асуудлыг яриад эхэллээ. Төлөх үндэслэл нь юу юм бол?

-Засгийн газар компани хоорондын өрийг төлнө гэж байгаа нь буруу. Ялангуяа, “Эрдэнэт” үйлдвэрийг “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү барьцаанд тавьж зээл авсан байхад өмнөөс нь төлнө гэдэг үнэхээр буруу юм. Гэхдээ надад байгаа албан бус мэдээллээр “Стандарт” банкны өрийг манай улсын нэг компани тохиролцоод авчихсан гэсэн.

Магадгүй 49 хувийг авсан хүмүүс энэ өрийг худалдаж авсан байж магадгүй гэж бодож байна.Тэгэхээр Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу энэ өрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлнэ гэж байгаа нь байж болохгүй үйлдэл.

-Үнэхээр Арбитрын шийдвэр Засгийн газарт ирээгүй юм уу?

-Ирээгүй. Ер нь буруутай этгээд, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс нь хариуцлага хүлээхээс биш ард түмний татварын мөнгийг луйварчдын гараар оруулж болохгүй.

Б.Номин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ