Охид амар хялбараар мөнгө олж, гоё сайхан хувцаслах сэдлээр дээрэм хийдэг болжээ

Сүүлийн өдрүүдэд сэтгэл сэртхийлгэм мэдээ мэдээллүүд нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр цацагдав. Тэдний дунд эмэгтэй хүмүүс дээрэм хийж байна, тэр ч бүү хэл архидан согтуураад аав, ах шигээ эрэгтэй хүнийг хамжаад зодоод, дээрэмдчихсэн байна гэх гайхаж барамгүй мэдээлэл сонсогдож буй юм. Үнэн хэрэгтээ итгэж ядсан ч эл мэдээлэл үнэн болохыг цагдаагийн байгууллагаас баталсан.

Тодруулбал өнгөрсөн бямба гаргийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар согтуурсан үедээ бусдыг зодож, гар утсууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэх иргэн байв.

Цагдаагийн байгууллагаас иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байгааг анхааруулдаг.

Нэг талдаа үнэн ч нөгөө талаараа согтуурсан ч, согтуураагүй ч өнөөдрийн Монголын охид хүүхнүүд хүртэл гэмт хэргийг сэдэл, санаа зорилготой, гэмт хэрэг үйлдэхээс сийхгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болж төлөвшиж байгаа нь жишээ баримтуудаас харагдаж байна.

Ингэж хэлж буйн учир нь гоё сайхан утас барих, ганган хээнцэр хувцаслах, их мөнгөтэй байх сонирхолдоо хэт хөтлөгдсөн насанд хүрээгүй охид, бүсгүйчүүд амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэйгээр элдэв гэмт хэрэг үйлдэх тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсныг албаны эх сурвалж мэдээлж байна.

Дөнгөж 20 гаруйхан настай хоёр согтуу бүсгүй эрэгтэй хүнийг хамжиж зодоод дээрэмдсэн хэрэг гараад ганц хоёр ч хоноогүй байхад мөн л 20-иод насны хоёр охин дүү шигээ жаахан охиныг хамжаад дээрэмдсэн хэрэг дахин гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд хичээлээ тараад гэр лүүгээ орохоор байрныхаа гадна явж байсан 15 настай охиныг тус хороонд оршин суух, 21 настай эмэгтэй С, 19 настай эмэгтэй С гэгч нар айлган сүрдүүлж, “Самсунг s5” маркийн гар утас, бэлэн мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна.

Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд дээрэмчин охидыг баривчилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Оны өмнөхөн 18-тай дөрвөн охин нийлж үе тэнгийнхээ охиныг зодож дээрэмдээд зугтсаныг камерын бичлэгийн тусламжтай илрүүлсэн байдаг. Гэтэл тэднийг нэг нь бүр хар тамхи хэрэглэсэн байсан талаар тухайн үед албаны эх сурвалж мэдээлж байсан билээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд хүн амины хэрэг үйлдлээ, дээрэм хийлээ гэх мэдээллүүд өдөр алгасалгүй сонсох болсон настнууд хэлэх үгээ олж ядан сууцгаана. “Биднийг бага байхад хулгай дээрэм гэж байсан биш. Хүүхдүүд сахилгагүйтэж зодолдоно. Тэр хүүхдийг анги хэсүүлж, хийсэн хэргийг нь яриулж, хүүхдүүдээр шүүмжлүүлдэг байв. Улмаар тухайн хүүхэд дахин ийм хэрэг хийхгүй гэж ам тангаргаа өгдөг байлаа. Гэтэл орчин үеийн хүүхдүүд ...” хэмээн шогширцгоох.

1980-аад оны залуус бидний үед ч тийм зүйл байсангүй. Гэтэл өнөөдөр хөвгүүд гэлтгүй охид дээрэм хийж, бусдын бие махбодид гэмтэл учруулж явдаг болжээ. Харамсалтай.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ