Эдийн засагт ойртсон бас нэг "АЮУЛ"

Улсын эдийн засаг дөнгөж өндийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ноён долларын ханш “номхорч" буй энэ үед бас нэгэн “аюул” ойрхон ирээд байна.

Манай улс олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ЫН гишүүн орон. Бүр нарийн яривал анх 2004 онд тус байгууллагын гишүүн болсон байдаг. Улмаар 2007 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг баталсан бол 2014 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ тухайн үеийн ФАТФ-ын шаардлага буюу “40+8” зөвлөмжийг хэрэгжүүлсэн ч 2014 оны сүүлчээр шаардлага дахин өөрчлөгдсөнөөр батлагдсан хууль нь шаардлага хангахааргүй болжээ.

Харин 2017 оны тавдугаар сард болсон ФАТФ-ын харилцан үнэлгээний хурлаар Монгол Улсын мөнгө, угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог олон улсын байгууллага үнэлж, “Эрчимтэй хяналтад байх шаардлагатай” гэж үзээд 15 сарын хугацаа өгөөд байна. Энэ хугацаанд Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх үүрэгтэй бөгөөд хугацаа нь 2018 оны 10 дугаар сард дуусгавар болох юм.

Заасан хугацаанд багтан хууль, эрхзүйгээ шинэчлэхгүй бол ФАТФ манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулна. Саарал жагсаалт гэдгийг энгийнээр тайлбарлавал ФАТФ-ын гишүүн орнуудын дунд манай улсыг “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон" гэж зарлана гэсэн үг.

Энэ тохиолдолд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монголын гүйлгээг маш өндөр хяналт, хүнд суртлын дор гүйцэтгэнэ. Зарим тохиолдолд “Эрсдэлийг хаах” арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Монголтой холбоотой бүх гүйлгээнд бүрэн хориг тавьж, аливаа эрсдэл гаргахгүй байх арга хэмжээ авна гэсэн үг.

Манай улсын хувьд 2013 онд ФАТФ-ын “саарал жагсаалт’’-д орж байсан удаатай. Улмаар тодорхой ажлуудыг хийснээр 2014 онд “Саарал жагсаалт”-аас гарсан байдаг. Харин энэ удаад “Саарал жагсаалт”-д орвол Монголын эдийн засагт урьд өмнөхөөс илүү хүчтэй нөлөөлөх магадлалтай гэнэ. Учир нь 2013, 2014 онтой харьцуулахад манай улсын эдийн засаг, ДНБ өсчихсөн. Тэр хэрээр банк, санхүүгийн байгууллагууд ч бас гадаад, дотоод гүйлгээг идэвхтэй, өндөр дүнгээр хийх болсон.

Энэ утгаараа хэрвээ Монгол Улс энэ удаад ФАТФ-ын саарал жагсаалтад дахин орвол эргээд гарахад маш их хугацаа, хөдөлмөр шаардагдана. Түүнийг даган бий болсон эдийн засаг, санхүүгийн хор хохирлыг төсөөлөхөд ч бэрх юм.

Хамгийн түрүүнд улсын зээлжих зэрэглэл буурна. Дараа нь гаднаас хөрөнгө оруулалт татах үнэ, өртөг нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарна, Монголоос зугтана. Үүнийг дагаад ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш уруудна. Арай гэж буй болгосон эдийн засгийн тогтвортой байдал агшин зуур “хумхын тоос" болон алга болох аюул ойрхон байна, эрхэм улстөрчид өө.

Саарал жагсаалтад орохоос сэргийлэхэд Монголбанк, Засгийн газар, УИХ-ын гишүүд, яам, агентлагууд гээд бүгд нэгэн зүгт харж, идэвх чармайлт гаргах хэрэгтэй байна. Ялангуяа эрхэм УИХ-ын гишүүд хуулийн ач холбогдол, шаардлагыг ухамсарлаж, ард түмнээс хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсын олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд идэвх, зүтгэлтэй, уурхай ажиллах шаардлага тулгарч буйг нуух шаардлагагүй биз ээ.

ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврын дагуу ХЗДХЯ, Сангийн яам, Монголбанк хамтран Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн ч намрын чуулгандаа багтаан, баталж амжаагүй байна. М

онголчууд, тэр дундаа улстөрчид тайван, амгалан улс. Тийм ч учраас аливаа асуудалд “ниргэсэн хойно нь хашхирах” энүүхэнд. ФАТФ-аас өгсөн хугацаа харьцангуй дөхсөөр байна. Тайван сууж болохгүй. Зөвхөн хууль батлаад зогсохгүй, хуулийнхаа хэрэгжилт, үр дүнг бататгах учиртай.

ФАТФ буюу Олон улсын мөнгө, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага улс орнуудын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог үнэлэхдээ өмнө нь зөвхөн хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэхийг л дүгнэдэг байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн тогтолцоо байгаа эсэхээс гадна тухайн тогтолцоо хэр зэрэг үр ашигтай ажиллаж байна вэ гэдгийг харах болжээ.

Тогтолцоо үр дүнгээ өгч байгаа эсэх тухайд мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдэж, ял, шийтгэл оноосон эсэхээр голчлон дүгнэдэг байна. Манай улсын хувьд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа баталснаас хойших 10 гаруй жилд мөнгө угаахтай холбоотой нэг ч хэргийг шүүхээс эцэслэн шийдэж, ял шийтгэл оногдуулаагүй гэнэ. Энэхүү үзүүлэлт нь Монгол Улсын “оноо"-г хойш татсан гэх.

Тэгэхээр эрх баригчид юун түрүүнд хуулиа олон улсын жишигт нийцүүлж батлах, дараа нь хуулийн хэрэгжилтийг хангах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна. Хууль баталлаа гээд бүх зүйл шийдэгдэхгүй. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг байгуулах, Үндэсний стратеги боловсруулах, хэрэгжүүлэх гэх зэрэг ФАТФ-аас өгсөн олон зөвлөмж бий. Тэр бүгдийг хэрэгжүүлэхэд үлдэж буй долоон сарын хугацаа хангалттай биш байна.

Э.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ