С.Баярцогттой нэг "Хөнжил"-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ?
АТГ-аас энэ сард “Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банканд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарт битүүмжилжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлсэн.
Харин энэ талаар С.Баярцогт “Би “Ройтерс”-ийн мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, зургаан cap орчим хэвтэрт байсан.
1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20 мянган дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70 мянга гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесменээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь офшортой холбоотой.
Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмен зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй. Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон" гэсэн юм.
Тэр өмнө нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хамтран бизнес хийж байсан гэх найзуудынхаа нэрийг хэлэхээс татгалзсан: Харин саяхны хэвлэлийн хурлаараа 1,836,851 евро буюу 161,393 ам.долларын эзнийг мөн л хэлсэнгүй. Монгол, Швейцарын хамтарсан шалгалтын буюу Авлигатай тэмцэх газар, Швейцарын прокурорын газрын хамтарсан баг эл хэргийг шалгаж дууссаны дараа хүссэн хүсээгүй ил болно гэсэн юм.
Гэлээ ч Швейцарын банканд байршуулсан 1,836,851 евро, 161,393 ам.долларын хөрөнгөтэй холбоотой С.Баярцогтоос бусад нэр бүхий хүмүүс хэн бэ. Эл дансыг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарт битүүмжилснээс хойш жил гаруйн хугацаанд хамтарсан мөрдлөгт ямар ахиц гарсан бэ. Мөн Швейцарын банканд тийм их хэмжээний мөнгөө битүүмжлүүлээд чимээгүй байгаа Монголын нэртэй бизнесмэн (хэрвээ байгаа бол) хэн бэ гэсэн асуултууд ургаж байна.
Үүнээс гадна битүүмжлэгдсэн данстай холбогдох эрхмүүд цэвэр бизнесмэнүүд байсан ч тухайн үедээ улс төрийн нэр нөлөө, эрх мэдэлтэй байсан С.Баярцогттой нэг “хөнжил''-д орсныг бодоход улс төрийн ашиг сонирхол яв цав нийцсэн байх магадлалтай.
Нөгөө талаас нь харвал С.Баярцогтын талаар “Ройтерс”-оор гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто"-ийн хувьцааны үнэ унасан. Тэгэхээр бүүр “цаад эзэн”-ий ашиг сонирхол явж байна гэж тайлбарласан нь ортой юу. Тийм бол хууль хяналтын байгууллага хөрөнгийн бирж дээрх том тоглогчдын утсан хүүхэлдэй болсон уу.
Б.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ