"Тэгвэл та нар жоомоо уралдуулахгүй юу"
“Дүнжингарав” шөнийн уралдааны осол цаашид хаврын хуралдааныг хязгаарлаж чадах болов уу. Монголын хамгийн эрх мэдэлтэй, бэл бэнчинтэй төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн энэ бүлэглэл дэгж дэрвэсэн балчир хүүхдийн хэмжээлшгүй өвдөлт, хором хормоор хэмжигдэх амь нас, хожмоо үлдээх урхагт өвчнөөр үнэлэгдэх зугаа цэнгэлээ одоо цэглэх үү.
Гэхдээ уяачид гэхээр л бидний эртээс мэдэх Тод манлай уяач Д.Онон тэргүүтэй мориор дээдэлдэг, хамгийн гол нь хайрладаг уяачдыг, уралдаан гэхээр л улсын баяр наадмын хүсэн хүлээдэг уралдаанаа гоочлох гэсэнгүй.
Хэрээс хэтэрсэн заримынх нь жудаггүй “цуст, нулимст” уралдаан нэрт гаж зуршлыг хэлэх гэсэн юм. Энэ “цэнгээн”-ийг нь эгэл иргэдээс хэн үгүйлж, хэн үзэж, зугаацаж, таашаал аваад, эрхэм гоё цолтой уяачид ямар нэмүү өртөг үйлдвэрлэж улсаа хөгжүүлээд байгааг хэлээд өгөх хүн байна уу. Нэг галын уяачид улс төрд нэг фракц болсон тохиолдол олон бий.
Бүр нэг “хавтаст хэргийн хамууд” болсон тохиолдолд ч байдаг. Энэ нь ч мөн удам дамждаг. Улс төрд ороход нь “шатны гишгүүр” болох тал ч бий. Улсын наадмаар цоллоход нь хүртэл айргийн тавд заавал олны танил улстөрч багтдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л эдүгээ сэжигтнээр татагдаж хавтаст хэрэг нээгдчихээд байгаагаас л гэхэд “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал аймгийн алдарт уяач С.Анхбаярыг нэрлэж болно. Цол нь жижиг ч төрд хашдаг алба, шалгагдаж буй асуудал нь чамлахааргүй, удахгүй улсын алдарт уяач, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дайтай болж ирэхийг хэн байг гэх вэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа л гэхэд баахан уяач сайдтай болов шүү дээ.
Олон ч жил уяачдаа уучиллаа. Хариг хатууд болдог хаврын уралдаанаас лав цэнгээд зугаацаад таашаал авчихлаа гэх баримт алга. Харин насны оёгтой болж бэртэл авсан хүүхэд, тэдгээрийн эмчилгээний зардал гээд гарлага, зарлагын баримт бол гэрч нотолгоотойгоо олдоод байх аж. Цаашид яахаа шийдэж нулимстай наадаанаа аргамжих цаг нэгэнт болсныг дахин сануулж, энэ талаар уяачид болон төрийн эрх мэдэлтнүүдийн төлөөлөл ямар байр суурьтай байдгийг хэлсэн үгээс нь эш татъя. Юуны өмнө ММСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн М.Энхболд 2018 оныхоёрдугаар сарын 15-нд 25 дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгээр ярихдаа “Би ММСУХ-г одоо тэргүүлж байгаа. ХОМ-оор мал аж ахуйгаараа бол тэргүүлэх байх шүү. Би 300 гаруй адуутай. Сүүлийн үед тэрбумын үнэтэй адуутай гээд шуугьж байх шив дээ. Одоо энэ хүмүүсийн уралдуулж байгаа, сайн угшлын адууг авалцаж өгөлцөж байгаа байдлаас харвал 300 байтугай гурван адуу ч тэрбум төгрөг хүрч магадгүй шүү дээ. Өвөг дээдсийн үлдээсэн буян бий. Үүн дээр нь би сүүлийн үед жаахан хурдны чиглэл оруулаад явж байна. Эр хүний сонирхдог л спорт шүү дээ. Яахав, үүнээс болж сайн, муу хэлүүлэх л юм. Монголын уяачидтай арван жил амь нэгтэй явлаа даа” гэснийг сануулъя.
Мөн өчигдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “ Ерөнхийлөгч цол олгосон болохоор цолыг хураах эрх нь хуулиараа Ерөнхийлөгчид бий. Уяачдын цолыг 15.1 ийн дагуу хурааж болно. Гэхдээ шөнийн уралдаанд оролцсон хэдэн уяач байна, яагаад Засгийн газрын зөвшөөрөлгүй уралдаанд оролцов гэхчлэн хэн, ямар буруутайг холбогдох байгууллага нь тодорхойлоод Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлэх хэрэгтэй. Энэ талаар Засгийн газар бас ажиллах ёстой” гэсэн юм. Гэхдээ тэрбээр цолыг нь хураах дөрвөн генералын тухай дурдаж, ялангуяа “хууль бус уралдаанд оролцсон, үүнээс болж хүүхэд гэмтсэн” нь тогтоогдвол генерал, хурандаа гэх мэтээр цолыг нь хураана гэсэн нь анхаарал татав. Дашрамд дурдахадЕрөнхийлөгчийн тухай хууль. 15 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх гэсэн нэг дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж заасан байдаг.
Өнөөдөр Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх цахим хуудсаараа дамжуулан унаач хүүхдүүд болон тэдний эцэг эхээс уучлал хүссэн байна. Тэрбээр “Хэлэх ч үг алга даа, Монголын Морин Спорт Уяачдын холбооны Дүнжингарав-2018 уралдааныг зохион байгуулах комиссын гишүүд минь. Хүний хүүхдүүдийг хайрладаггүй яачихсан хар толгой бэ.Нэг их том, том чулуу өвөртөлсөн, жийптэй боссуудад маргааш гэдэг үг байж болоогүй л юм байх даа. Маргааш нь сайхан өглөө, уралдах боломж байж л байсан. Эцэст нь хэлэхэд миний бие Пунцагбалжирын Энхмөнх Монгол Улсын Манлай уяач хүний хувьд Дүнжингарав 2018 уралдаанд соёолон нас унаж уралдсан хүүхдүүдээс болон түүний эцэг эх асран хамгаалагчдаас албан ёсоор уучлалт хүсэж байна. Бид ийм шөнийн уралдааныг дэмжихгүй' хэмээн бичжээ.
Харин Монгол Улсын Тод манлай уяач Л. Цандэлэгтэй эмнэлэгт хэвтэж байхад нь буюу тохиромжгүй үед холбогдож таарав бололтой. Тэрбээр“Та нар одоо болиоч дээ.Монголд өөр бичих сэдэв алга уу. Тэгвэл уралдахаа л больчихъё л доо. Та нар жоомоо уралдуулахгүй юу” гэв. Тэрбээр өнөөдөр “Заа Монголчууд аа Морио дээдлээд Дүнжингаравт оролцсон бүхуяачдаа дүүжилж алцгаая! Морио дээдэлж Монголчууд аа устгацгаая! “, “Бүүр уралдахаа болих л хэрэгтэй! Жоом уралдуулж, тахиа зодолдуулж нохой зодолдуулж л сууяаа!гэхчлэн хийрхүү жиргээгээрээ анхаарал татаж эхэлсэн юм.
Яг энэ мөчид Монголын нэгэн залуу иргэн, бяцхан хүү эрхэм ах нарын “зугаа цэнгүүний ажлыг гүйцэлдүүлж” яваад осолдож амь нас нь дээсэн дөрөөн дээр байж, тархины мэс заслын үр дүнгээс цаашидхэрхэх нь шалтгаалан түгшээж байна. Ийм үнэтэй бөгөөд утга учиргүй соёл, уламжлал, цэнгүүн байж болох уу. Хязгаарлах цаг нэгэнт болжээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын дарга ММСУХ-ны тэргүүн М.Энхболд өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул 'Дүнжингарав' уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэсэн байна. Гэвч түүний энд байгаагүй нь хариуцлагаас мултрах шалтгаан биш болов уу. Мөн энэ мэдэгдэл унаач байснаа хохирогч болоод байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд огтоос ашиг тусгүй нь харамсалтай.
У.Оргилмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ