П.Сэргэлэн: Миний есөн жил хариуцаж хийсэн уралдааны үеэр нэг ч хүүхэд эндээгүй

Өнгөрсөн ням гаригт болсон “Дүнжингаравын хурд-2018” уралдаан шөнөжин үргэлжилж, улмаар 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд бэртсэний дотор хоёр нь машин мөргөж хүнд гэмтжээ. Уг асуудлаас үүдэн өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай асуудал эргээд хөндөгдөж эхлэв.

Энэ асуудал нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар орсон боловч Шадар сайд Ө.Энхтүвшин “Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалттай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн” хэмээсэн юм. Ийнхүү өвөл, хаврын морин уралдаан цуцлагдаагүйгээр үл барам ням гаригт зохион байгуулагдав.

ЭРГЭН САНУУЛЪЯ. Нэгдүгээр сарын 7-ны өдөр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй П.Сэргэлэнгээс дараах тодруулга авч байсан юм.

-Өчигдөр (2018 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр) Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын морин уралдааныг хориглох эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа. Та Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга шүү дээ. Лобби орчихлоо гэж хардах үндэслэлтэй юү?

-Би ерөөсөө мэдээгүй байж байгаад өнөөдөр л ирж байна.

-Засгийн газрын хуралдаанд та ороогүй гэсэн үг үү?

-Тийм. Би Засгийн газрын хуралдаанд орохгүй байгаа шүү дээ.

-Лобби орсон гэж та үзэхгүй байгаа юу?

-Үгүй үгүй. Би мэдээгүй байж байгаад л ирж байна.

-Өвөл, хаврын морин уралдааныг яагаад хориглож болдоггүй юм бэ?

-Би зөвлөх учраас тайлбар өгөхөд хүнд байгаа юм. Манайх чинь төрийн бус байгууллага. Хувийн ажил өөр л дөө. Би зөвлөх учраас Засгийн бодлогын чиглэлээр тайлбар өгөхөөр өрөөсгөл болох байх. Ер нь хаврын уралдааныг бүрмөсөн хорино гэдэг бол өрөөсгөл ойлголт шүү дээ. Хөдөө орон нутагт тэртээ тэргүй, хаа сайгүй уралдчихдаг. Зах замбараагүй уралдаад, хүүхдийн аюулгүй байдал чинь бүр замардаг.

Тэгвэл бид эмнэлэг, цагдаа, хүүхдийн байгууллагатай нь сумын хэмжээнд хоёр, аймгийн хэмжээнд хоёр, улсын хэмжээнд хоёр уралдаад хийчихье, бусад уралдааныг нь зогсоох шийдвэр гаргачихна. Тэгэхээр уяачид үгэнд орж эхэлж байгаа байхгүй юу. Сүүлийн есөн жил бид энэ асуудал дээр ажиллаж байна. Өмнө нь замбараагүй байсан шүү дээ. Зохицуулгагүй байсан асуудлыг зохицуулах гэж оролдоод байна шүү дээ.

mori

-УРАЛДАЖ БАЙГАА ХҮҮХЭД БИШ, НААДАМ ҮЗЭЖ ЯВСАН ХҮҮХЭД
ГАРААНЫ ТӨХӨӨРӨМЖӨӨС ҮРГЭСЭН ЮМ БИЛЭЭ-

-Та холбоо байснаар зохицуулалттай болсон гэж хэлэх гээд байна уу?

-Сүүлийн есөн жилд би Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа үедээ хариуцаад хийсэн уралдаанд хүүхэд эндээгүй л байхгүй юу. Энд тэндгүй жалга, дов бүрт аварга малчин, тариаланч гэх нэрийн дор, эсвэл Ховдод нэг сүм хийд ном уншиж байна гэж морь уралдуулаад байдаг. Тэрэн дээр нь уралдаж байгаа хүүхэд биш наадам үзэж явсан хүүхэд гарааны төхөөрөмжөөс үргэсэн юм билээ. Тэгээд нөгөө хүүхэд чинь анхаарал нь сарнихдаа чулуун дээр саваад уначихсан байсан. Тэгэхээр энэ замбараагүй уралдааныг цэгцлэх гэж л уг нь Засаг тогтоолоо гаргаад, үүн дээр нь шүүх, цагдаа хүүхдэд нь хяналт тавьдаг болоод байгаа юм. Бүр хүчингүй болгочихвол бид дийлэхгүй шүү дээ.

-Нууц байдлаар уралдана гэж үү?

-Нууцаар уралдаж эхлэхээрээ зам засахгүй, хамгаалалтын хувцасгүй уралдаж эхэлнэ. Бид нар чинь хамгаалалтын хувцастай, стандарт хэрэглэлтэй болгоод каск өмсгөдөг болгосон. Өвөл бид яаж каск өмсгөх вэ гэхээр каскыг нь томруулаад, дотуур нь ноосон малгай өмсгөж өгөөд уралдуулъя гэж хүртэл шийдэж байгаа.

Дээрээс нь хурдан морийг зүгээр нэг хүүхдээр унуулчихдаг биш, спортын зэрэг цол олгодог болоод, мэргэжлийн сертификат олгодог болоод тэр хүүхдийг сургаж, дадлагажуулаад мэргэжлийн хүмүүс нь буюу морин спортын төвийнхөн нь очиж шалгаж үзээд үнэмлэхийг нь олгочихсон хүүхэд унуулъя. Ядаж унахдаа зөв унах, зөв эргүүлэх гэдэг дүрэм журамтай болгоод явж байгаа байхгүй юу. Үүнийг дахиад л ямар ч зохицуулалтгүй хаяна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх юм дүрэмтэй, зохицуулалттай болгоод ирж байхад хүчингүй болгоод хаячихвал дахиад л зохицуулалтгүй болно.

mori

-ТӨР ОРОЛЦОНО, БОЛЬ ГЭВЭЛ БИД БОЛЬЧИХНО-

-Хүүхэд мориноос унах, бэртэх асуудал гарсаар байна. Хүүхдийн эрхийн байгууллагууд энэ асуудлыг өнөөдрийг хүртэл ярьж ирлээ шүү дээ. Холбооноос уг асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Уяачдын холбоо байснаараа юу нь буруу болчих гээд байгаа юм бэ. Энд хяналт тавьдаг болоод, төрийн өмнөөс хариуцлага хүлээдэг болно. Нөхөр Сэргэлэн чи яагаад хүүхдийн аюулгүй байдлыг хангаж уралдаагүй юм бэ гэдэг хариуцлага хүлээх гээд нэг муу төрийн бус байгуулллага чадан ядан яваад байгаа юм. Улсын хэмжээнд хоёр, аймагт хоёр, суманд хоёр уралдаан хийхэд л хэдэн мянган уралдааныг болиулчихад болоод байгаа байхгүй юу. Сумандаа хоёр удаа уралдахдаа Засаг даргаасаа зөвшөөрөл ав, замаа зас, хүүхэд, хүний эрх, цагдаа, морины комисс ажилла.

Ингээд хэмжээг нь зааж өгөөд байгаа юм. Сүүлийн есөн жилийн статистикийг хар. Манай хүүхдийн байгууллага хаанаас статистикаа авдаг вэ гэхээр хонинд явж байсан хүүхэд хүртэл мориноос унахад, тухайлбал Архангай аймагт хоёр хүүхэд хонинд явж байгаад мориноос унасан байсныг мориноос унасан гэхээр л хурдан морины уралдаан гэх зэрэг асуудал их явж байна.

Сүүлийн үеийн мэдээллийг аваад харахад хонинд явж байсан хүүхэд, сумын төв рүү түргэн дуудах гээд явж байсан хүүхэд мориноос унасан байдаг. Хүүхдийн эрхийн байгууллагууд хүүхдийн эрх хамгаалж байгаа юм шиг яваад байгаа юм. Одоо хамгаалалтгүй болгох гээд байна шүү дээ. Хэн хамгаалах юм бэ, тэгээд. Дур дураараа л уралдах гээд байна. Хамгаалалтгүй, зохицуулалтгүй явсан юмыг төр орж зохицуулах гээд байгаа юм уу. Болж байна, тэгвэл. Төр оролцоод “Бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаална” гэвэл өөр. Түүнээс уралдааныг хориглоод худлаа шүү дээ. Яагаад ч бид дийлэхгүй. Төр оролцоно, боль гэвэл бид больчихно. Манай холбоо 120 мянган гишүүнтэй. Түүний 110 мянга нь хөдөөний малчин байдаг. Тэд сум, аймаг, улсдаа хүсэлтээ тавиад явдаг.

-Би асуултаа дахиад асууя. Өвөл, хаврын морин уралдааныг хориглочихож болдоггүй юм уу?

-За яах вэ, хориглочихъё. Гэхдээ Засгийн газрын тогтоол гараад томоохон уралдаануудаа л хориглож чадна шүү дээ. Монгол Улс даяараа морь уралдуулахыг хориглоно гэвэл ёстой бүтэхгүй ажил. Суман дээр уралдахгүй айлын гадаа л уралдчихна шүү дээ. Тэгэхээр зохицуулалт, хяналт, хариуцлага байхгүй болно. Яах гэж бид есөн жил явсан юм бэ. Цаг зав, хүч. Бид улсаас уралдаан дээр нэг ч төгрөг авдаггүй. Нөгөө уяачид чинь хоорондоо ярьж хөөрч байгаад шагналын сан хэдэн төгрөг гээд л ярьдаг.

Тэгээд зун, хаврын бүсийн уралдаан чинь түүхт ойтой давхцуулаад тэртээ тэргүй мөнгө гарах юм чинь гээд бүсийн уралдаан болгоод холбоо нь хамтраад, төр засаг, хувийн байгууллага хамтраад хийчихдэг. Төрөөс ерөөсөө мөнгө гаргадаггүй. Бид боль гэвэл больчихож чадна. Төр зохицуулах юм уу. Улсын төсвөөс мөнгө гаргаад. Аливаа нэг юмыг хориглох нь зөв үү, дүрэм журмыг нь гаргаж өгөөд хариуцлага нэхэх нь зөв үү. Есөн жилийн турш томоохон уралдаан удирдан зохион байгуулах хугацаанд минь нэг ч удаа хүүхэд бэртсэн асуудал гарч байгаагүй юм.

Ц.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ