Стивен Сигал бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдов уу?

Холливудын жүжигчин Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. 2005 онд болсон хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлжээ.

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Женни МакКарти, Портиа ди Росси, Рэй Даун Чун, Рачел Грант гээд Холливудын хэд хэдэн эмэгтэй жүжигчин бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэний дагуу Сигалыг шалгаж эхэлсэн гэнэ.

2005 онд “Under Siege 2” киноны сонгон шалгаруулалтын үеэр Сигал жүжигчин МакКартиг нүцгэлэхийг шаардаж, дараа нь энэ талаар бусдад хэлэхгүй байхыг шаардсан гэж МакКарти мэдэгдсэн юм. Гэхдээ Сигалын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг няцаажээ.

Түүнчлэн The Wrap гэх энтертайнмент мэдээллийн сайтын мэдээлснээр Лос-Анжелес хотын цагдаагийн газар жүжигчин Режина Саймонсын гомдлын дагуу Стивен Сегалыг шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн юм. Режина 1993 онд 18 настай байхад “On Deadly Ground” киноны зураг авалтын үеэр Стивен Сигал хүчирхийлэхийг завдсан гэж мэдүүлжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард жүжигчин Портиа ди Росси хувийн сонгон шалгаруулалтын үеэр Стивен Сигал өмднийхөө цахилгааныг тайлж, бэлгийн дарамт учруулсан гэж мэдэгдсэн юм. Тэрбээр твиттертээ “Тэр намайг доош суулгаад, арьсан өмднийхөө цахилгааныг тайлсан. Би өрөөнөөс гүйж гараад төлөөлөгчөө дуудсан” гэж бичжээ.

Харин жүжигчин Рачел Грант 2002 онд Болгарын нийслэл Софияд болсон киноны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр Стивен Сигал бэлгийн дарамт үзүүлсэн гэж саяхан мэдэгдсэн юм. Анх удаа уулзахдаа шууд орон дээр хэвтүүлээд хүчирхийлэхийг завдсан гэж Рачел Грант хэлжээ.

Стивен Сигал өөрөө Рачел Грантын мэдээллийг няцаасан бөгөөд түүний өмгөөлөгч нар ч үүнийг үгүйсгэжээ. Гэхдээ зарим хэргийн талаар ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.

Өдгөө 65 настай Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэншилтэй болсон. Тэрбээр 1980, 1990-ээд оны тулаантай, адал явдалт кинонуудаараа алдартай. Монгол бүсгүйтэй ханилсан гэдгээрээ монголчуудын сайн танил болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ