Хурд, Никитоны "Нүргээн" болно
12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын рок, поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд”, “Никитон” хамтлагийн уран бүтээлчид “Нүргээн” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Хэдхэн хоногийн өмнө тус хоёр хамтлдагийн уран бүтээлчид хамтран хуралдаж, зургаа цахим хуудаст байршуулсан нь фенүүдийнх нь анхаарлыг өөрийн эрхгүй татсан билээ. Тэд дахин хуралдаж, хамтарсан тоглолт хийх шийдвэрт хүрсэн аж.
Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч, уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж, 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрсэн юм.
"Хурд" хамтлаг зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосноор Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв.
Никитон хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм. Хамтлагийн нэр ямар нэг утга илэрхийлдэггүй, зохиомол үг гэдэг. Тэдний бүтээлд төгөлдөр хуур, даралтат хөгжим болон гитарын тоглолтод суурилсан сонгодог стилийн тоглолт зонхилсон байдаг. Анх “Чингис хаан” нэртэй байсан бөгөөд МУГЖ Д.Жаргалсайхан “Чингис хаан” нэрийг хамтлагтаа авснаар шинэ нэртэй болжээ. Дуучин Баачка 1997 онд АНУ-г зорьсоноор хамтлагийн уран бүтээл хэсэг завсарласан. 2005 онд тэрээр Монголдоо буцаж ирсэн.
Тус хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш 1997 он хүртэл Баачка дуучин, төгөлдөр хуурч, Золбоо бөмбөрчин, Чинбаа даралтат хөгжимчин, Саруулсайхан гитарчин, Цогоо аргил гитарчин, Эрдэнэбат морин хуурч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Эдүгээ Баачка, Чинбаа нар бөмбөрчин болон гитарчин Өөжгий, аргил гитарчин Цогоо нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ