Рэйн, Ким Тэ Хи нар охинтой болжээ
Солонгосын алдартай дуучид, жүжигчид хувийн амьдралдаа яардаггүй нэгэн нийтлэг чанар бий. Тэд гучин насанд ганц бие явах нь энгийн үзэгдэл. Угаас тус улсын залуус гуч хүрч болзоонд явж, дөч хүрч амьдрал зохиодог нийтлэг хэвшилтэй. Тэр дундаа урлагийн одод нь амьдрал зохиоход тэр бүр яардаггүй нь карьертаа хамаг бүхнээ зориулж 50 сая хүн амтай улсын оддын тайзан дээр товойж, цаашлаад олон улсын зах зээлийг байлдан дагуулахад хамаг анхаарлаа хандуулдагтай нь холбоотой байх.
Тайзны од байна гэдэг тийм ч амар зүйл биш. Жингээ барьж, гоо үзэмжээ хадгалахаас эхлээд олон нийтэд үлгэр дуурайл болохуйц байх нь тэдний гол үүрэг. Учир нь ард түмэн тэднийг хайрлаж, хүндэтгэсэн шигээ дагаж дуурайдаг. Хүндэтгэсэн шигээ хүндлэл хүлээхүйц амьдралын хэв маягтай байхыг тэднээс шаарддаг.
Тэдгээр алдартнуудын нэг нь Рэйн болон Ким Тэ Хи нар билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн төвд орших “Gahoe-dong” католик сүмд хосууд хуримын ёслолоо даруухан хийж, сүмд мөргөл үйлдэж, хуримын бэлгээ солилцсон бөгөөд энэхүү ёслолд хосуудын гэр бүл, дотнын найз нөхөд нь л оролцсон. 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлсэн байна.
Ийнхүү хосууд өнгөрсөн лхагва гаригт охинтой болжээ. Рэйн өөрийн “rain_oppa” гэх инстаграм хуудастаа ягаан цэцэгтэй, цагаан өнгийн оймсны зураг нийтлээд “Маш их баярлалаа. Үзэсгэлэнтэй гүнжтэй боллоо” хэмээн бичсэн байна.
Солонгосын нэрт дуучин, жүжигчин тэрбээр “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний 50 дугаарт багтаж, Азиар нэг шуугиан тарьж байсан нь саяхан. Солонгос төдийгүй Ази, дэлхийд алдаршсан түүнд хүүхнүүд хөл алдаж, царай зүс, бие хаа, авьяас чадвараараа төгс эр хүн гэж үнэлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ