“Оддын академи” шоунаас охидын хамтлаг төрнө

Монголын “Оддын академи” шоунаас охидын хамтлаг төрөн гарах гэнэ. Уг шоуны ялагчийг 100 сая төгрөгийн гэрээ хүлээж байгаа бөгөөд 16-23 насны оролцогчдод нээлттэй аж.

Өнөө цагийн хамгийн шилдэг хамтлагийг төрүүлэх зорилготой 'Оддын академи' реалити шоуны бүртгэл эхэлсэн байна. “Оддын академи” реалити шоуны эхний дугаарт шилдэг 18 оролцогчийг шалгаруулж авах юм.

'Оддын академи” шоу нэвтрүүлгийн оролцогчид хамгийн шилдэг артист буюу дуучин болж бэлтгэгдэнэ. Ингэхийн тулд хөгжим, бүжиг, дууны сургалт, нүүр будалт, имиж бүрдүүлэлт, хэвлэл мэдээлэлтэй харилцах соёл, биеэ авч явах соёл гэх мэтээр урлагийн хүн болоход шаардлагатай бүхий л сургалтыг хийх юм.

Энэхүү шоуны ялагчид өндөр боломж бүхий шагналын сан, амжилттай карьерыг амлаж байна. Үүнд цомог гаргуулах эрх, цомгийн 3-4 дуунд клип хийлгүүлэх, гадаад хамтлаг дуучдын нэгдсэн фестивальд оролцох, ивээн тэтгэгчийн үйлчилгээ брэндийн нүүр царай болох эрх хүлээж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ