Мисс А.Сарнай бага насны гашуун түүхээ дэлгэж, М.Сарнайг дэмжихээ илэрхийллээ

“Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй хандивын дансанд цугларсан мөнгөний асуудлаас болоод чамгүй муудалцаад байгаа М.Сарнай өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж буй. Түүний асрамжинд байсан 30 гаруй хүүхдээс заримыг нь хүчээр шахуу гэрт нь буцааж, бүрэн ярьж ч чадахгүй халамцуу эхэд 10 сартай хүүхдийг өгч явуулж байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан. Зургаахан сартай нялх үрийг нь төрснөөс ялгаагүй хайрлан асарч, өдийг хүртэл энгэртээ тэвэрч өсгөсөн М.Сарнай согтуу ээжид нь өгч явуулахдаа хэрхэн асгартал уйлж буй дүр зураг олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн.

Түүгээр ч барахгүй, тухайн өдрийн маргааш нь М.Сарнайн гэрт албаны хүмүүс очиж бага насны хэд хэдэн хүүхдийг чирч гулдран байж нус нулимстай нь хутгаад авч одсоныг олонд дэлгээд байгаа. Энэ бүхний дараа мөнөөх “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ болон албаны хүмүүст дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс цахим ертөнцөд эрс нэмэгдэж, өнөөдөр мисс А.Сарнай ч тэдний эгнээнд орсноо илэрхийлэв. Харь хүнтэй гэр бүл болоод Америкт амьдарч буй мисс бүсгүй бага охиноо тэврэн Live хийж, хүнд байдалд ороод байгаа М.Сарнайд туслахыг чин сэтгэлээсээ хүсчээ.

Түүнийг дөнгөж ой гаруйтай байхад аав нь хаяад явсан, ээж нь өөр хүнтэй ханилсан хэдий ч хойд эцэг нь золгүй байдлаар таалал төгссөн тухай мисс А.Сарнай анх удаа ам нээлээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд цаг үед ээж нь үр хүүхдүүдээ тэжээхийн тулд сөхөрч унатлаа зүтгэж, хөгцтэй будаа идэж өссөн бага насныхаа гашуун түүхийг мисс бүсгүй нулимс унаган дурсаж байв. “Тэр хөл дээрээ ч зогсож чадахгүй шахуу согтуу ээжид 10 сартай хүүхдийг нь өгч явуулсны дараа би зургаан сартай охиноо хөхүүлэх бүртээ түүнийг өрөвдөж уйлсан” хэмээн ярьж, хүний өөрийн олон хүүхдийг асарч халамжилж явсан М.Сарнайгийн халуун сэтгэлийг дэмжихийг олонд уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ