Овоотын төмөр замыг барихад бэлэн болжээ

Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг Австралийн “Aspire Mining” групп Эрдэнэтээс Овоот хүрэх төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон гэж “Asia Miner” мэдээлэв. Энэ ажлыг “Aspire Mining”-ийн охин компани “Northern Railways” болон Австралийн дэд бүтцийн “Snowy Mountains Engineering Corporation” /SMEC/ хамтран гүйцэтгэхээр болжээ.

Гэхдээ төмөр замын бүтээн байгуулалтад Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй гэж компанийн удрддлагууд онцолсон байна. “Aspire Mining”-ийн Удирдах зөвлөлийн дарга Дэвид Полл энэ талаар “Одоогоор SMEC 9.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Тэднийх төмөр замын эхний хэсгийг жилийн дотор хийж дуусгана гэж тооцоолсон. Хоёр дахь хэсгийг “Northern Railways” хийнэ. Үүний тулд “Noble Group”-ээс таван сая ам.доллар зээлэх болсон” гэжээ.

Шинээр барих гэж буй төмөр зам 595 км үргэлжлэх бөгөөд ТЭЗҮ-ээс харахад 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт юм. Коксжих нүүрсний “Овоот” төсөл хэрэгжиж буй бүсэд 12 сая тонн нөөцтэй ба “Aspire Mining” анхны бүтээгдэхүүнээ 2016 онд олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ