Т.Мөнхсайхан: Архи, согтууруулах ундааны борлуулалт багасаж, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд нар архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.
Т.Мөнхсайхан: -Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна. 2023 оны эхний найман сарын байдлаар архи, согтууруулах ундааны борлуулалт өмнөх жилийнхээс хоёр сая литрээр буурсан буурсан байна. Өнгөрсөн онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол 2023 оны наймдугаар сарын байдлаар 14 сая литрийг худалдаалсан байна.
Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустайнх нь багассан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа.
Ерөнхийлөгчийн зарлигт архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулах тухай тусгасан. Энэ сан байгуулагдаж дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч энэ мөнгийг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нөлөөллийн ажил, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх ажилд эхнээс нь зарцуулж байна.
2023 оны мөн үеийг 2022 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 15.8 хувиар буурсан байна.
Б.Оюутболд: -Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжи эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг. Энэ бол өмнөх оноос 15.8 хувиар буурсан үзүүлэлт.
Эхний найман сарын байдлаар нэг сая 964 мянга 123 зөрчил бүртгэгдсэн. Үүний 48723 нь буюу 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлт.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож торгуулсан, эрхээ хасуулсан 23561 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан эерэг үзүүлэлт.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ