Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүүдийн 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдоно

Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэ талаар өнөөдөр МАН, АН, ХҮН намын төлөөллүүд танилцууллаа.

Хуулийн төслийг Д.Тогтохсүрэн, С.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Т.Доржханд зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

"Сонгууль болохоос нэг жилийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулаад эцэслэгдсэн байх ёстой учраас ойрын хугацаанд хэлэлцэх ёстой.

Хуулийн төсөлд  сонгуулийг холимог тогтолцоогоор буюу УИХ-ын гишүүдийн 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогддог болгохоор тусгагдсан.

Улс төрийн намууд бодлого дэвшүүлж, тойргуудын эрх ашгийг бодолцож байх зорилгоор холимог тогтолцоог сонгосныг зориуд хэлье.

Энэ тогтолцоог сонгож авснаар нийгмийн бүлэглэлүүдийг аль болох эрх ашиг нь УИХ дээр тусгалаа олж, аль болох олон бүлэглэлийн байр суурь тусгагдсан хууль тогтоомж гарахад хэрэгтэй гэж үзэж энэ хэлбэрийг сонгосон. Урьд нь нэг удаа хийж байсан. Харамсалтай нь дараагийн сонгуулийн өөрчлөлтөөр 76 жижиг тойргоороо явж ирсэн.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нэмсэн.

Гишүүдийг сонгох зарчим урьдынхаас илүү ойлгомжтой болсон. Аль болох хүний санал их хурлын суудлын тоон дээр заавал тусгалаа олдог байхаар бид энэ тогтолцоог сонгосон.

Иргэдийн санал УИХ-ын гадна үлдчихээд байна. Нийгмийн бүхий л давхаргын байр суурь УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн гомдол санал олон жил явж ирсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

"Өнөөдрийн хуулийн төсөл үр дүн нь юм. Яагаад гэвэл УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд бүгд ойлголцсон.

1. Нийт парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдоно. 50 хувь нь 3.4 сая иргэнийг төлөөлдөг болно. Үр дүнд нь бодлого ярьдаг болно, бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг,сонгодог парламентын жишиг рүү орно.

2. Олон удаагийн парламентын сонгуулиар гадаад дахь монголчуудын санал гээгддэг байсан. Харин энэ удаад гадаадад байгаа 200 мянга орчим иргэний санал бодитоор тусах боломжтой болсон. 200 мянган иргэн бол 3-4 аймгийн хэмжээний иргэдийн тоо юм.

3. Нийгмийн төлөөллүүдийг оролцуулдаг байя. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэж. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Сонголтоо хийхэд 1,2,1,2 гэсэн байдлаар дараалж явдаг байя. Үр дүнд нь шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм. 

4. Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Олон намуудын ойлголцол, хүлээлт дээр энэ хуулийн төсөл явагдсан. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ