Л.Халтар, түүний гэргий Ц.Ганзул нарыг прокурорын байгууллагаас шалгаж байна

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг АТГ-аас шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан төмөр замын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсний дотор ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа билээ.
Тэгвэл иргэн Ж.Энхбатын зүгээс эл хэрэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг холбоотой гэж шалгаж өгөх хүсэлтийг АТГ-д өнгөрөгч нэгдүгээр сард гаргасан байдаг. АТГ-аас эл хүсэлтийг шалгаж үзээд иргэн Ж.Энхбатын өргөдөл хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хэрэг бүртгэл нээн, прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж иргэнд мэдэгджээ.
Ингэхдээ Ц.Ганзул төмөр замаар ачуулах вагоны хуваарийг боловсруулж батлуулдаг хүн бөгөөд эл хуваарийн дагуу С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан гэсэн үг. Энэ утгаараа С.Батдөлийн тээврийн компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний авлига авдаг гэх асуудал болон түүний гэрээс хураасан мөнгө нь УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзултай холбогдож буй юм.
Сануулахад, тэрбээр өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ