Л.Гантөмөр: Гишүүнээ хөөдөггүй нам болно
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Эв нэгдлийн ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэсэн судалгааны дүн гарсан. Өнөөдрийн хоол хүнсээ арай гэж авч хэрэглэж байна. Иргэд ядуурлын шалтгааныг төр засгийн буруу бодлогоос үүдэлтэй гэж хэлж байна. Ярилцсаны эцэст бид таван зүйл дээр санал нэгдлээ.
- 1. 70 хувийн ядуурлыг бууруулах талаарх гаргалгааг олно. Ажил, бизнес эрхэлж буй хүмүүс үнэхээр залхсан байна. Бизнес эрхлэгчдэд төрөөс очиж буй дарамт хэм хэмжээнээс давсан. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг байр суурьтай байна. Аж ахуйн нэгжүүд татварын маш том дарамтад орсон. Ядуурлаас гарахын тулд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Цар тахлын дараах дэмжлэг жижиг, дунд үйлдвэрт очихгүй байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй бол цааш явахгүй нь. Дундаж давхаргыг бий болгож, өндөр цалин өгөх ажил хийгдэхгүй болоод байна. Маргааш ажилгүйдэлгүй болно гэдэгт итгэхгүй байна. Бизнес хийхэд хамтардаг, дэмждэг төр засаг байна уу гэдгийг иргэд нэхэж байна.
- 2. Татварын дэмжлэгийг бодитой болгож, төр ААН-үүдийг дарамталдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Цагдаа, прокурор, татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар хувийн хэвшлийнхнийг дарамталдаг байдлыг болиулж, эрх зүйн орчныг нь тавдугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлмээр байгаа юм. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах хөтөлбөр, бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн гаргана. Уг бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахална. Төр бизнесийг дарамталж буй орчныг арилгах чиглэлээр тодорхой бодлого гаргана. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Судалгаанд оролцсон иргэдийн 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. Монголын эдийн засаг сүүлийн 10 жил хөдлөөгүй. Маргааш эдийн засгийг бий болгоход санаачилга гаргана. 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлогыг АН яаралтай гаргахаар боллоо. Ц.Туваан гишүүн даргалж, хөгжлийн хөтөлбөрийн чиглэлийг гаргана.
- 3. Тендерийн хууль дотор дараагийн авлигач төрдөг. Тиймээс богино хугацаанд тендер нэрийн дор хулгай хийдэг, бүлэг орчныг арилгана. Энэ чиглэлээр Н.Ганибал гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана. Уг хуулийг таван хуудсанд багтаасан хууль болгоно. Тендерт хэн ч эргэлздэггүй болно.
- 4. Итгэл алдарсан байдал хавтгайрсан байна. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр АН тодорхой ажил хийнэ. Улс төрийн намын болон Сонгуулийн хууль дээр ажиллана. Намын гишүүдийг татваргүй болгох асуудал бий. Яавал мөнгөний хамааралтай сонгуулийг алга болгох талаарх чиглэлээр С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана. Эрүүл мэндийн бодлогыг эмч нартай, хөдөө аж ахуйн бодлогыг малчидтай, банк санхүүгийн бодлогыг эдийн засагч нартай хамт сууж байгаад гаргана. Улс төрийн орчныг цэвэрхэн болгож байж, иргэд төрдөө итгэх юм байна.
- 5. АН-д итгэж байсан хүмүүсийг бид зүтгэлээр хариулах ёстой. Бид эвдэрдэггүй, задардаггүй улс төрийн намыг байгуулах ёстой болж байна. Тиймээс сайн дүрэмтэй болно. АН хамтын удирдлагатай, нээлттэй намж болж байна. АН-тай хамтрах гэж байгаа бүх хүнийг бид урина. Гишүүнээ хөөдөггүй нам байх болно. Хариуцлага хүлээж чаддаг, сонгуульд ялагдсан бол тэр хүн нь дараагийн даргаа тодруулж чаддаг нам болмоор байна. Эрх мэдлийн зөв хуваарилалт хийнэ. Гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах чадвартай намыг бүтээж босгоно" хэмээн танилцууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ