Ардчилсан нам үнэт зүйлдээ, зарчимдаа тууштай гэдгээ харуулж, иргэдийнхээ итгэлийг олж авна
Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэснийг албан ёсоор бүртгэсэнтэй холбоотой АН-аас хийсэн мэдээлэлд АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын гишүүдийн элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн баярын өдөр тохиож байна. АН-ын цоо шинэ хуудас нээгдлээ. Ардчилсан нам үнэт зүйлдээ, зарчимдаа тууштай гэдгээ харуулж, иргэдийнхээ итгэлийг олж авна. Энд тэнд тарсан бүх гишүүдэд нам нээлттэй байх болно. Цаашид монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсдог, шударгаар бизнес эрхэлдэг ААН, хэвлэл мэдээлэл, иргэдийнхээ талд тууштай зогсож, хүчирхэг сөрөг хүчин байх болно" гэлээ.
АН-ын гишүүн З.Нарантуяа "АН-ын үйл ажиллагаа хуулийн дагуу байсныг Дээд шүүх ямар ч маргаангүйгээр тогтоолоо. АН цаашдаа УИХ дахь бүлэгтэй хамтран төрийн хямрал, төрд нүүрлэсэн хулгайг арилгахын төлөө сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, зохион байгуулалттай ажиллана. Мөн нэг намын хяналтгүй, шударга бус тогтолцоог арилгахын төлөө ажиллана, 2024 оны сонгуульд ялах болно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ