Н.Батбаяр: Хөгжлийн банкны дарга асан Н.Мөнхбатыг 8 хувийн зээлтэй, машингүй гэв
Хөгжлийн банкнаас хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэрчээр дуудагдан ирж тайлбар хийв. Энэ үеэр сонсголд өөрийн хамтран ажиллаж байсан хүмүүс, зөвлөх туслахуудаа талархал илэрхийлээд авав. Бас болоогүй өмөөрч, хатуухан үгс чулуудаад амжив.
Тодруулбал, “Юуны түрүүнд энэ чингис бондыг босгоход оролцсон Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатдаа баярлалаа. Чингис бонд бол Ази тивийн хамгийн шилдэг бондоор шалгарсан. Харамсалтай нь тэр залууг 2016 оноос хойш хорьж цагдаад, ажилгүй болгож байна.
Н.Мөнхбат одоо 8 хувийн зээлтэй, өөрийн гэсэн унаа машин ч үгүй хүн. Ийм хүнийг мөнгө идсэн гэх үү? Болих хэрэгтэй. Австри улсад бакалавр, мастераа хамгаалаад миний зөвлөхөөр ажиллаж байсан.
Мөн Б.Батболд гэдэг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан залууг “Гудамж” төсөлд ажиллуулсан. Нэг том уулзварыг бид сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. Саппорогийн уулзварт осол гардаггүй өдөр байгаагүй. Тэгвэл тэр хүн маань ажилгүй болчихсон сууж байна. Тэр залуу хуучин байрандаа амьдарч байгаа.
М.Сономпил сайд ТЭЦ3-ын өргөтгөл, Амгалан Дулааны станцыг цоо шинээр байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ажлыг хийсэн хүнийг өчигдөр гүтгэн доромжилсон.
Амгалан станц ашиглалтад ороогүй бол, ТЭЦ 3, 4-ийн өргөтгөл хийгдээгүй бол Улаанбаатар хот ямар нөхцөл байдалд байхыг мэдэхгүй” хэмээн эдгээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүсийг өмөөрч нилээн бухимдуу харагдав.
Эргэн сануулахад, Н.Мөнхбат Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгосон. Улмаар Хөгжлийн банканд 5.642.970.000 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэм буруутайд тооцогдож шүүхээр дэнслүүлэж байв. Гэсэн ч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь саяхан.
Тэгвэл ийн шалгагдаж, яллагдагчаар татагдаж байсан Н.Мөнбатыг өнөөдрийн сонсголоор дуудагдсан Эдийн засгийн Хөгжлийн сайд ассан Н.Батбаяр бараг л хилсдүүлсэн гэдэг утга бүхий зүйл хэлчихлээ. Гэвч ил хэрэгт их хэмжээний мөнгө яригдсан, мөнгө завшин идээгүй гэвэл бараг л худлаа. Харин сайд асан Н.Батбаярын хувьд Н.Мөнхбат 8 хувийн зээлтэй, машин тэрэггүй ядуу хүн бололтой. Угтаа түүний хэлснээр машингүй хүн монголд бараг л хэцүү амьдралыг үзэж байгаа гэлтэй. Гэвч Монголд зээлгүй хүн ховор олдоно. Үнэндээ зээл аваагүй хүмүүс нь дээр суудаг өнөөх л хүмүүс байдаг нь тодорхой болсон. Өөрсдийн тансаг хүрээллийг зэрэглэлээр хувааж ядуу гэх хоч өгч бие биеэ харан гайхах хооронд Хөгжлийн банкны хэрэгт хариуцлага оноогдохгүй өнгөрчих вий дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ