С.Эрдэнийн талын АН-ын даргад ДОЛООН ХҮН өрсөлдөж байна
Ардчилсан намын нөгөө тал болох УИХ-ын гишүүдтэй тал өнгөрсөн долоо хоногт ҮБХ-ны хурлаа хийж Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэд өнөөдөр УДШ-д холбогдох бичиг баримтаа хүлээлгэн өгч, Л.Гантөмөрийг батламжилж өгөхийг хүссэн юм. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн С.Эрдэнийн талын АН-ынхан өнөөдөр намын даргад нэр дэвшигчдээ зарлаж, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө.
АН-ын даргад
1. АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
2. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
3. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
4. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
5. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, тус дүүргийн ИТХын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
6. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлжээ.
Нэр дэвшигч Л.Гүндалайгийн хувьд гадаадад байгаа тул үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй гэдгийг АН-аас мэдээлэв. АН-ын даргыг сонгох сунгаа маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд болно. Улмаар нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ардчилсан Намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах аж. Тэгвэл Улсын Дээд шүүх хоёр талын АН-ын альных нь хүсэлтийг хүлээж авч, батламжлах эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Ардчилсан намын энэ сарын эхээр эвлэрлийн Ажлын хэсэг байгуулж, 2024 оны сонгуульд нэг нэрийн дор оролцохоор болсон тухайгаа мэдэгдэж байсан ч долоо хоногийн зайтай хоёр өөр хурал зохион байгуулж, тусдаа намын даргын сунгаа хийлээ.Энэ үйл явдлаас харахад эрх баригч нам ирэх оны сонгуульд дахин өрсөлдөгчгүй оролцох нь гэх хардлага бий болж байгааг улс төр шинжээчид хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ