Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо болох  "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцохоор ОХУ-ыг зорино. Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.   Дорнын эдийн засгийн форумын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяковын мэдээлснээр чуулга уулзалтад дэлхийн 60 орны төлөөлөгч оролцох бөгөөд Азийн орнуудаас Мьянмар, Монгол, Армени, Хятад улсууд уригдсан болохыг мэдээлжээ. Нэр дурдсан улсуудаас төрийн дээд өндөр албан тушаалтнууд оролцох бөгөөд чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ганцаарчилсан уулзалтууд хийнэ гэдгийг онцолжээ. 
 Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн зөвлөлийн дарга, түр Засгийн газрын ерөнхий сайд, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин, Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцоно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.   Форумын үеэр 90 гаруй бизнес уулзалт, арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд "Өөрчлөгдөж буй дэлхийн ертөнц дэх ШХАБ-ын үүрэг" сэдвээр гишүүн болон ажиглагч орнууд хэлэлцүүлэг зохион байгуулна. 
Мөн ОХУ-ын Шадар сайд Юрий Трутневын мэдээлснээр Орос-Украины дайн, найрсаг бус орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан энэ удаагийн Дорнын эдийн засгийн форум өмнөх жилүүдээс өөр форматаар явагдах аж. Хэлэлцэх гол сэдэв нь "Эдийн засаг, геополитикийн шинэ нөхцөлд ОХУ, тэр дундаа Алс Дорнодын хөгжил олон туйлт дэлхийн улс орнуудын харилцан үйлчлэлийн шинэ хэлбэр болно" гэх сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ