Т.Эрдоган, Ж.Байден нар есдүгээр сард уулзаж магадгүй
"Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, Цагаан ордны тэргүүн Жо Байден нар есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж магадгүй" гэж ''Sabah" сонин эх сурвалжаас эш татан мэдээлэв. "Турк улс АНУ-аас F-16 онгоц худалдаж авах тухай хэлэлцээр нэлээдгүй хугацаанд үргэлжилж байна. Ирэх сард Нью-Йоркт болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Т.Эрдоган, Ж.Байден нар энэ асуудлын хэлэлцэнэ" хэмээн тус сонинд бичжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк улс АНУ-аас F-16 сөнөөгч онгоц худалдан авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг, Пентагоноос Конгресст уг асуудлыг өргөн мэдүүлэхийг шаардсан аж.
"Хэрэв энэ аргыг хэрэглэвэл Конгресс тодорхой хугацаанд асуудлыг шийдвэрлэх ёстой. Учир нь Туркт F-16 сөнөөгч онгоц худалдах Конгрессын зөвшөөрөл авах ёстой" гэж "Sabah" сонинд онцолжээ.
Турк улс АНУ-аас 40 F-16 сөнөөгч онгоц худалдан авч, үйлчилгээнд буй 80 онгоцоо шинэчлэх бодолтой байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "F-16 сөнөөгч онгоцыг Туркт худалдахыг Конгресс зөвшөөрнө гэдэгт найдаж байна" хэмээн мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ