“Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дууслаа
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замыг бүрэн ашиглалтад оруулж хүлээн авлаа.
Энэ зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.
7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог. Бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм. Төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийлье” гэлээ.
Бүс нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болно
-Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд хэлэв.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг гэдгийг ч нээлтийн үеэр онцлов.
Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хоттой, 21 аймгаа хатуу хучилттай авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг гурваас дөрөв дахин нэмэгдүүлэх “Боомтын сэргэлт”-ийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ гэж нэмж дуулгалаа.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам юм.
Загастайн давааг давахын тулд хоёроос гурван цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдсэн. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгааг нээлтийн үеэр албаны хүмүүс онцолж байв.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна.
Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна коммуникэйшн констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр "Мөнхөд ашдын зам" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-ууд ажилласан.
Энэ замын зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальт бетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай. 40 см-ийн зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см юм. Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт 3,0 км уртад 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе, хоёр талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэй. Түүнчлэн ус зайлуулах хиймэл байгууламжийг 132 байршилд хийгээд буй юм. Автозамын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 урттай төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1000 гаруй ширхэг замын тэмдгийг байршуулаад байна. Энэ зам бүрэн ашиглалтад орсноор Улиастай хотыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, автозамаар зорчиж буй автомашины эвдрэл багатай болж, туулах чадвар, цаг хугацаа хэмнэсэн. Цаашид Завхан аймгийн эдийн засаг эерэг нөлөө үзүүлсэн хөгжлийн зам боллоо гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: “21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн даваагаар отголж байна.
Монгол Улсын хамгийн өндөрт урт үргэлжилсэн даваан дээрх энэ зам уулын ажил ихтэй, тахир тойруу ихтэй хүнд ажил. Гэсэн хэдий ч замын чанар дажгүй сайн болсон байна. Харин өнгөрсөн жил сэрүү орсон үед хучилт хийсэн богино хэсэгт арзайлт өгсөн байгааг хуулж дахин хийхээр гүйцэтгэгч байгууллагын удирдлагатай тохирлоо. Энэ замыг улсын комисс хүлээн авсны дараа засвар арчлалт маш их шаардана. Завхан АЗЗА ХХК хүн хүчээ нэмэгдүүлж, сайн ажиллах шаардлагатай болно. Зам ашиглалтад авахаас өмнө далангийн шороо авсан карьерын нөхөн сэргээлтийг өмнө ямар байсан тэр хэмжээнд нь хүргэх шаардлагатайг гүйцэтгэгч болон зөвлөх компанийнханд зөвлөлөө. Загастайн давааны зам далайн түвшнээс дээш 3000 метр өндөрлөг газар. Ийм өндөрлөг газарт зам тавихад хамгийн хэцүү нь уулын ажил байсан. Бүтээн байгуулалтад оролцсон хөрөнгө оруулагч болон үндэсний компаниудад талархаж байна. Цаашид хилийн боомтуудыг автозамаар холбоно. Завхан аймгийн боомтууд хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдоно” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ