УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД: Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс
УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн 13 гишүүн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэхдээ "Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр. Аливаа нийгмийн үндсэн суурь нэгж гэр бүл байдаг. Тиймээс гэр бүлийн тухай хууль суурь хууль байдаг.
Гэр бүлийн хууль нь анх 1973 онд баталж байсан. 1999 онд шинэчлэн найруулаад мөрдөж ирсэн. Түүнээс хойш долоон удаа өөрчлөлт орсон ч салбарын бусад хууль дагаж орж ирээд, жижиг сажиг өөрчлөлт орсон. Түүнээсээ болоод эрхзүйн байдлыг дордуулах нөхцөл үүсгэж байсан юм байна.
Хамгийн гол өөрчлөлт нь хүүхэдтэй холбоотой. Жилд 3391 орчим гэр бүл салдаг юм байна. Жил бүр салалт нэг хувиар нэмэгдэж байна. Тэгэхээр нэг айлын цаана хоёр хүүхэд байна гэж тооцвол 7000 орчим хүүхдийн асуудал хөндөгдөнө. Тиймээс хүүхдийн тэтгэмжийн хэмжээг, төлөлтийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан.
11 нас хүрээгүй хүүхэд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж тогтоодог. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулж, орлогынх нь 50-иас доошгүй хувиар тогтооно гэж хуулийн төсөлд тусгаж байна. Мөн хэрвээ хүүхэд хүндээр өвдөж, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж зардлыг төлүүлэх заалт тусгаж байна.
Мөн тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь төлдөг. 80 хувь нь огт төлдөггүй. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөөгүй хуримтлагдсан байна. Тиймээс тэтгэмжийг шуд данснаас нь суутгаж авдаг заалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга Засгийн газарт боловсруулж байгаа. Үүнд гэр бүлээс гадуурх харилцааны асуудлыг тусгаж өгч байна. Өмнө нь Гэр бүлийн хуулиар хамтран амьдрагчийн асуудлыг аваад хаячихсан юм билээ. Тэгвэл шинэчилсэн найруулгаар энэ заалтыг сэргээж байгаа юм билээ" гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс луу унжиж байгаа эрчүүд олон байгаа учраас ийм хуулийн төсөл санаачлахаас өөр арга үлдсэнгүй. ШШГЕГ-аас гаргасан мэдээллээр 13 мянга гаруй эцэг хүүхдийн мөнгө төлөх ёстойгоос 4150 нь дуртай, дургүй төлөөд явж байна. Ахуй амьдрал ямар байгаа билээ. Ийм үйлдэл гаргаж байгаа эцэг, эхийг үл маргах журмаар шууд картнаас нь мөнгө гаргахаар энэ хуульд тусгасан. Эх үрсийн баяраар бид хүүхдүүддээ чихэр, жимс өгөөд өнгөрч байгаа юм. Тэгэхгүйгээр хуульд сууриар нь суулгаж, бодит үр дүнд хүргэх зорилготой байгаа юм" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ