Ж.Байден эхнэртэйгээ халдлага болсон сургуульд зочилжээ

          АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн ням гарагт халдлага болсон Техас мужийн Ювальде хотын бага сургуульд хүрэлцэн очив. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр Байденууд Америкийн засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтны хамт Ювальдад зочилсон байна. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр тус сургуулийн нутаг дэвсгэрт байршуулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, багш нар, иргэдийн төлөөлөл, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон хотын онцгой байдлын албаныхантай уулзав.            Өнгөрсөн мягмар гарагт Техас мужийн Ювальде хотын 18 настай оршин суугч Сальвадор Рамос бага сургуульд нэвтэрч буудсан ба түүнийг цагдаа нар устгасан билээ. Тэрээр 18 нас хүрээд долоо ч хоноогүй байхдаа буюу тавдугаар сарын 22-нд хоёр буу худалдаж авсан нь тодорхой болжээ. Техас мужийн амбан захирагч Грегг Эбботтын мэдэгдсэнээр энэ халдлагын улмаас 19 хүүхэд, хоёр том хүн амиа алдаж, 17 хүн шархадсан аж. Уг халдлага сүүлийн арван жилд хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг болсон юм.                                              Дашрамд дурдахад ерөнхийлөгч Жо Байден Сэнди-Хукийн эмгэнэлт явдал тохиолдоход Барак Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа асуудлыг шийднэ гэж удаа дараа амласан. АНУ-д галт зэвсгийн хяналтыг чангатгахыг дэмжигчид төрийн тэргүүний энэ салбар дахь ололт амжилтад сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. Учир нь энэ асуудал түүний сонгуулийн хөтөлбөрийн гол "зэвсэг"-үүдийн нэг байсан агаад ерөнхийлөгчийн сонгуульд бусад нэр дэвшигчээс ялгаж чадсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ