УИХ-ын гишүүн Т.Доржханд төв талбайд болох тайван жагсаалд оролцохыг залууст уриаллаа
УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өөрсдөө хэмнэ гэдэг уриатай жагссан залуусын хүлээлт талаар өнгөрлөө. УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж чадахгүй юм байна. Бид өөрчилж чадахгүй юм байна.
Өмнөх долоо хоногийн сүүлээр УИХ Хөгжлийн Банкны хулгайтай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцлээ. Тэднийг хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагаас оруул ирсэн асуудлыг олонхоороо хамгаалж авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй зүйл. Ганцаараа ХҮН намыг төлөөлж байгаа ч зөв зүйлийг нь дэмжье, бодлогын өөрчлөлт хийе гэдэг байдлаар хоёр жил ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй.
Тиймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй боллоо. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.
УИХ-ын танхим дотроос биш талбай дээр иргэдээ уриалаад хамтдаа тэмцье. Тавдугаар сарын 5-н буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагийн 12:00 цагт өдрийн цайны цагаар залуучуудаа хүрээд ирээч.
“Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг бид зохион байгуулах гэж байна. Бид гэдэг нь хувь хүний, дөрвөн хүүхдийн аавын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тэгвэл тэр өөрчлөлт нь юу вэ. Маш энгийн тогтолцооны өөрчлөлт юм.
Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй.
Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.
Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ.
Засгийн газраас хэмнэх гэж оруулж ирсэн бодлогыг Их хурлын гишүүд нь өсгөхөөр болчихлоо.
Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүү тогтолцооноос болж байгаа асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбай дээр гаръя гэж байгаа юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ