"Их 7"-ийн гишүүн орнууд ОХУ-ын эсрэг шинэ багц хоригоо танилцуулна

АНУ, Европын Холбоо, “Их 7”-ийн гишүүн орнууд энэ лхагва гарагт ОХУ-ын эсрэг шинэ багц хоригоо танилцуулахаар байна. Үүнд ОХУ-ын хөрөнгө оруулалтын салбарт тавих хориг багтаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Мөн улс орны Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, Төрийн өмчит компаниудын эсрэг хоригуудыг нэмэхээр төлөвлөж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолж байна.

Үүнээс гадна Европын Холбоо ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавихаар хэлэлцэж байгаа аж. ОХУ Европын эрчим хүчний нүүрсний хамгийн гол нийлүүлэгч, хэрвээ ОХУ-ын экспортод хориг тавьсан тохиолдолд Европ нүүрсний хомсдолд ороод зогсохгүй, дэлхий даяар үнэ өсөх эрсдэлтэй байна.

Мөн Европын Холбоо Владимир Путины хүүхдүүд, ОХУ-ын улс төрчид, тэрбумтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг тавихаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен энэ долоо хоногтоо багтан Киевт айлчлах аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ыг ОХУ-ын вето эрхийг хураахыг уриалсан байна. Тэрбээр "ОХУ вето эрхээ ашиглан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх энх тайвныг тогтоох оролдлогуудыг зогсоож байгаа"-г тодотгожээ.

ОХУ вето эрхийнхээ хүрээнд хоёрдугаар сард НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний Украинаас цэргээ татах шаардлагыг зогсоож байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ