В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарлалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдэв.
“Нөхцөл байдал биднээс шийдэмгий, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Донбасс дахь Бүгд Найрамдах Ард Улсуудын ард түмэн ОХУ-аас тусламж хүссэн. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу, Холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр, Холбооны хурлаас баталсан БНДАУ, БНЛАУ-тай байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай гэрээний дагуу би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдлээ" гэж В.Путин иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ.
Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 23-нд БНДАУ, БНЛАУ -ын тэргүүн нар В.Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн байна.
В.Путин ОХУ Украиныг эзлэх төлөвлөгөөгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Орос улс ТУХН-ийн орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд хүндэтгэсээр байх болно гэж В.Путин цохон тэмдэглэсэн байна. НАТО ОХУ-ын хил рүү ойртсоор байгаа бөгөөд Москва 30 жилийн турш НАТО-г дорно зүгт тэлэхгүй байх талаар тохиролцохыг оролдохдоо, хууран мэхлэлт, дарамт шахалт, шантаажтай тулгарсан гэж тэрбээр тэмдэглэжээ.
Орос-Украины бүс нутгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж байна. Өнөөдөр Европын агаарын тээврийн дээд байгууллага бүх агаарын тээврийн компаниуд, иргэний нислэгүүдийг Украины агаарын орон зайгаас хол байхыг анхааруулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ