Канад 1988 онд батлагдсан хуулийг анх удаагаа хэрэглэнэ
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо "Нэгдүгээр сарын сүүлээс улс орон даяар тархсан коронавирусын хязгаарлалтын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг даван туулахын тулд яаралтай арга хэмжээ авахад бэлэн байна" хэмээн мэдэгдэв. "Бид эх орондоо аюултай, хууль бус үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч хэрхэвч болохгүй" гэж хэлсэн тэрээр жагсагчдын эсрэг ийм хууль хэрэглэх шийдвэр гаргаснаа тайлбарлажээ. Сонирхолтой нь 1988 онд батлагдсан эл хууль хэзээ ч хэрэгжиж байгаагүй аж. Тус хууль нь холбооны засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлж, ялангуяа зарим газар цугларахыг хориглох, тэр бүү хэл зарим бүс нутгийг хаах боломж олгож байгаа юм. Урьд нь Канадын Онтарио мужийн засгийн газрын тэргүүн Даг Форд ачааны машины жолооч нарын эсэргүүцлийн улмаас тус бүс нутагт онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн юм.
Канадын нийслэл Оттавад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд цагдаа нар жагсаалтай холбогдуулан 25 хүнийг баривчилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ