Омикроны дараа COVID-19-ийн цар тахал дуусч болох юм гэж үзэв
Омикрон-штаммын дараа COVID-19-ийн цар тахал дуусч болох юм гэж ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге үзэж байна. Тэр AFP агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлснийг “Фигаро” сонинд мэдээлжээ.
Европт омикроны тохиолдлын тоо эрс нэмэгдэх үе өнгөрмөгц дэлхий нийтийн шинжтэй дархлаа тогтоно гэж тэр хэлсэн байна. Халдвар юмуу вакцинжуулалтын дүнд, тэрчилэн улирлын онцлогоос болоод ийм дархлаа тогтоно гэж Клюге үзэж байна.
“Энэ вирус биднийг нэг бус удаа гайхшируулсан учир бид нэн болгоомжтой байх ёстой” гэж ДЭМБ-ын төлөөлөгч хэлжээ.
Ингэхдээ омикроноос илүү халдвартай байх коронавирусийн шинэ штамм дэлхийд гарч ирж болохыг тус байгууллагын шинжээч Мария ван Керкхове анхааруулж байна. Вирусийн шинэ хувилбар ихээхэн тархах тусам, уг вирус улам өөрчлөгдөнө гэж тэр хэлжээ.
Шинэ штаммууд нь илүү халдвартай байх болно гэж Керкхове үзэж байна. Ингэхдээ дельта хувилбарыг бодвол хөнгөн явцтай байгаагаас болоод омикроныг COVID-19-ийн сул штамм хэмээн үзэхгүй байхыг тэр уриалжээ.
Дэлхийд хоногт 3 сая 777 мянга 104 хүн COVID-19-ийн халдвар авсан нь цар тахал эхлэснээс хойшхи хоногийн хамгийн дээд үзүүлэлт болж байгаа нь нэгдүгээр сарын 21-нд тодорхой болсон юм.
Ингэхдээ 24 цагийн хугацаанд COVID-19-өөр 8741 хүн нас барсан байна. АНУ, Энэтхэг, Францад хамгийн олон хүн халдвар авчээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ