Гадаа коронавирусийн омикрон-штаммын халдвар авч болох уу?
Гадаа явж байхад коронавирусийн омикрон-штаммын халдвар авч болно, гэхдээ энэ нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална. И.И.Мечниковын нэрэмжит вакцин, ийлдсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцины урьдчилан сэргийлэлт, дархлааны эмчилгээний лабораторийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор Михаил Костинов вирусийн өмнөд африкийн хувилбарын халдвар авах магадлалыг ингэж дүгнэснийг “Аргументы и факты” сонинд бичжээ.
Түүний хэлснээр, гадаа явж байхад халдвар авах магадлал цаг агаар дулаан байхад ихэсдэг байна. Вирус бага эрчимтэй дамжихад тундас бас нөлөөлдөг бөгөөд бороо, цас болон цан хүүрэг COVID-19-ийг газарт “буулгадаг” аж.
“Хэрвээ хүн хажуугаар өнгөрч, тэр хүн та хоёр бага зайд хэдхэн секундийн хугацаанд бие биедээ ойрхон байлаа ч, халдвар авах магадлал бага юм. Хэрвээ та хоёр зогсож, мэнд мэдэлцэх зуураа ганц хоёр үг соливол халдвар авах магадлал нэлээд их байх болно” гэж дархлаа судлаач хэлсэн байна.
Хэрвээ гадаа задгай газар хажууд зогсож байгаа хүн ханиалгавал, омикрон-штаммын халдвар авч болно гэж тэр сануулжээ.
Оросын иргэдэд илүүтэй илэрч байгаа омикрон-штаммын халдварын үед энэ хувилбар коронавирусийн бусад төрлийг бодвол хөнгөн явцтай байгаа гэж халдвартын эмч Андрей Поздняков хэлсэн байна.
Вакцин тариулсан хүмүүс ч омикроноор өвчилж байгаа. Олонхи тохиолдолд хөнгөн явцтай, клиникийн илрэл сул байгаа юм. Үндсэндээ шинж тэмдгийн эмчилгээнээс өөр эмчилгээний бусад ямарваа арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж Поздняков хэлжээ.
Гэхдээ омикрон маш халдвартай. Тиймээс оршин суугчид түүний тархалтад бэлэн байх хэрэгтэй гэж эпидемиологч Татьяна Руженцова дурдсан байна.
Омикрон-штамм сүүлчийнх байж бүрнээ болно гэж Оросын боловсролын академийн дэд ерөнхийлөгч, анагаахын шинжлэх ухааны доктор Геннадий Онищенко өмнө нь мэдэгдээд, бүр 2022 оны тавдугаар сар гэхэд цар тахал дуусгавар болох нөхцлийг дурдсан байна. РИА Новости агентлаг ингэж бичжээ.
“Тавдугаар сард бүх зүйл дуусч болно. Харин вакцинаа тариулаарай” гэж тэр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ