Хүүхдэд коронавирусийн шинж тэмдэг удаан хугацаагаар салдаггүй онцлогтой аж


Хүүхдэд коронавирус удаан явцтай байдаг онцлогийг Дани улсын эрдэмтдийн баг илрүүлжээ. Судалгааны дүн “SpringerLink” сайтад нийтлэгдсэн тухай “Известия” сонинд бичсэн байна.

Шинж тэмдэг өвчний хурц үеэс хойш дөрвөн долоо хоногоос илүү хугацаагаар хадгалагдаж, түүнчилэн ковидын дараах хамшинжийн илрэл гурван сараас илүү хугацаагаар ажиглагдаж байсан тохиолдлыг мэргэжилтнүүд  коронавирусийн ийм салдаггүй шинж тэмдэгт хамруулжээ. Судалгаанд 30 мянга орчим хүүхэд хамрагдаж, тэдний тал нь өвчилж эдгэрсэн, харин бусад нь хяналтын бүлэгт багтаж байсан байна.

5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд  COVID-19-ийн шинж тэмдэг нийт хүүхдийн 17,6 хувьд дөрвөн долоо хоногоос илүү хугацаагаар илэрч байжээ.  Харин 6-гаас 17 хүртлэх  насны хүүхдийн дунд  ийм хүүхдийн тоо бүр 28,2 хувь байсан байна. Ядрах, үнэр, амт мэдрэхгүй байх нь  хүүхдүүдэд коронавирус удаан хугацаагаар салахгүй байгаа нь хамгийн түгээмэл илрэл болж байжээ.  Тийнхүү хүүхдэд шинж тэмдэг зургаан сар хүртэл хугацаагаар хэвээр байж болох юм гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүүхдүүдэд чихрийн шижин болон бүдүүн гэдэсний салслаг бүрхүүл үрэвсэх, турах хамшинжтэй болох зэрэг бусад аюултай үрэвсэлт өвчин тусч  мэдэх юм гэдгийг Москва мужийн хүүхдийн өвчний ерөнхий эмч, бага насны болон нярай хүүхдийн өвчин судлалын төвийн ерөнхий эмч  Нисо Одинаева өмнө нь анхааруулж байжээ. Тухайлбал, олон хүүхэд ядарч, ааш зан нь мууддаг байна.

Омикроны үед нас барах эрсдэлийн бүсэд настай хүмүүс, архаг хууч өвчинтэй эмчлүүлэгчид, түүнчилэн гурав хүртлэх насны хүүхдүүд байна гэж дархлаа судлаач, анагаахын ухааны доктор Николай Крючков сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.

Түүний хэлснээр, өсвөр насныхан омикрон-штаммд илүү тэсвэртэй бөгөөд учир нь тэдний дархлааны тогтолцоо идэвхитэй шатандаа байдаг байна.

Омикроны халдварлах чадвар нь өмнөх штаммуудтай харьцуулвал гурваас долоо дахин их байгаа, харин далд үе нь хоёроос-таван өдөр хүртэл богиносон гэж Оросын хэрэглэгдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова хэлжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ