АНУ тарж бутрахыг тус оронд сэрэмжлүүлж байна
АНУ-ын нөхцөл байдал тун эвгүй харагдаж байна гэж иргэний дайнуудын түүх судладаг мэргэжилтнүүд үзэж байна. Америкийн нэрт түүхч, Йелийн их сургуулийн профессор Тимоти Снайдер “Business Insider” порталд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Улс орны ирээдүйд санаа зовох шалтгаан өөрт нь байгааг тэр хүлээн зөвшөөрсөн байна.
АНУ-ыг тарж бутрахад хүргэж мэдэх ноцтой мөргөлдөөний босгонд тус орон тулж ирээд байгааг гэрчилж буй тодорхой баримтууд сэтгэл түгшээж байгааг түүхч тайлбарлажээ. Төрийн тэргүүн асан Дональд Трамп 2024 оны сонгуульд ялвал Америк орон өнөөгийн байдлаараа оршин тогтнохоо больж мэдэх эрсдэл бий гэж тэр үзэж байна.
Иргэний дайн дэгдэж байсан угтвар нөхцлийг судладаг хүмүүсийн нүдэнд Америкийн нөхцөл байдал “тийм сайнгүй харагдаж байна” гэж Снайдер тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан тэр нийгмийн туйлширах градус ихсэж, хүчирхийллийг шүтэж буйд анхаарал хандуулсан байна. “Төвийг сахисан байр сууринаас сэдвийг судлаж буй социологчид ямар нэг мөргөлдөөн дэгдэх ирмэгт тулж ирээд буйг харуулсан тодорхой баримтуудыг харж байна” гэж түүхч сэрэмжлүүлжээ.
Ингэхдээ ирээдүйд техникийн үүднээс авч үзвэл, сонгуульд “илэрхий” ялагдаж байгаа хүн тус орны ерөнхийлөгч болж болохыг тэр үгүйсгэхгүй байна. Ингэхэд элдэв “ов мэх” үүнд туслаж болох юм гэж Снайдер хэлжээ. Энэ байдал нь иргэний дайн дэгдэх, улс орон тарж бутрахад хүргэж мэднэ. “Энэ нь улс төрийн өөрчлөлтөд хүргэх мөргөлдөөн бөгөөд ийм нөхцөлд АНУ өнөөгийн байдлараа оршин тогтнох боломжгүй юм” гэж түүхч төгсгөлд нь хэлжээ. АНУ иргэний дайны ирмэгт ирээд байгаагийн бүх шинж тэмдэг тус оронд байна гэж тэр мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ