Путин цар тахлын шинэ цохилтод бэлтгэхэд хоёр долоо хоног өгөв
Оросын ерөнхийлөгч Владимир Путин COVID-19-ийн цар тахлын шинэ давалгаанд бэлтгэхийн тулд засгийн газарт хоёр долоо хоногийн хугацаа өгчээ. Түүний ингэж хэлснийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна.
“Дэлхийд юу болж байгааг бид харж байна. Энэ нь бэлтгэл ажил хийхэд бидэнд хоёрхон долоо хоног байгааг харуулж байна” гэж төрийн тэргүүн хэлжээ.
Тухайлбал, тэр коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг уриалсан байна.
Өмнө нь хийсэн зөвлөгөөн дээр Путин “омикрон” болон саяхны баяраас болоод шинэ дэгдэлт зайлшгүй юм гэжээ. Тэр дэлхийн коронавирусийн нөхцөл байдлыг ээдрээтэй байна гэж тодорхойлсон байна. Оросын төрийн тэргүүн АНУ болон Европ дахь хоногийн халдварын тооны тухай мэдээллийг иш татахдаа, энэ тоо их байна гэж хэлжээ.
Вакцин тариулаагүй болон настай хүмүүс коронавирусийн омикрон-штаммын халдвар авах хамгийн их эрсдэлтэй юм гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан, тус байгууллагын шинжээч Мария ван Керкхове нар мэдэгдсэн байна.
Энэ нь дагалдах өвчин хуучтай хүмүүст бас хамаарах ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ