Хүн төрөлхтний аугаа их ухаантанууд яагаад бага унтдаг байсан юм бол?
Парисын Сорбанны их сургуулийн эрдэмтэд Сальвадор Далигийн арга үр дүнтэйг, тодруулвал хэрвээ дөнгөж зүүрмэглэж эхэлмэгц сэрэх нь бүтээн туурвих чадварыг хөгжүүлж болох юм гэдгийг нотложээ. Энэ аргаар бол, ямар нэг сэдвийн талаар сайтар бодож тунгаасны дараа гартаа хүнд зүйл барих хэрэгтэй гэнэ. Хүн унтаж эхэлмэгцээ энэ зүйлийг унагаж, тэгээд сэрнэ. Ингэж сэрсний дараа толгойд орж ирсэн санааг тэмдэглэж авах хэрэгтэй. Испанийн зураачийн зэрэгцээ америкийн зохион бүтээгч Томас Эдисон ийм арга хэрэглэдэг байжээ.
Сальвадор Дали
Харин Сальвадор Дали гартаа төмөр халбага бариад, доор нь төмөр цар тавьдаг байж. Зураачийг зүүрмэглэж эхлэмэгц, халбага төмөр цар дээр унаж, энэ чимээнээр тэр сэрдэг байсан байна. Чухамхүү ингэж зүүрмэглэх байдлаас Дали өөрийн зургуудыг зурах онгодыг олж авдаг байжээ.
Үүнээс гадна, түүний цаг үеийн хүмүүсийн хэлснээр, тэр олон үетэй нойрны горимыг мөрддөг байсан бөгөөд энэ нөхцөлд сэрүүн байх болон унтах горим нь адилхан юмуу өөр өөр хугацаатай байх хэд хэдэн хэсэгт хуваагддаг байна. Гурван цаг 40 минут тутамд 20 минут унтах нь хамгийн хатуу хувилбар гэнэ. Энэ нь өдөрт сэрүүн байх хугацааг 20-21 хүртэл цаг уртасгах боломж олгодог байна.
Леонардо да Винчи
Олон суут хүн олон үетэй нойрны горим баримтладаг байсан бөгөөд учир нь тэдэнд өөрийн бодол санааг гүйцэлдүүлэх цаг хугацаа бага байдаг байжээ. Италийн зураач, зохион бүтээгч Леонардо да Винчи өөртөө хамгийн зохистой горим тогтоож, дөрвөн цаг ажиллаад 15-20 минут унтдаг байсан байна. Ингэснээр тэр хоногт 22 цаг сэрүүн байж чаддаг байжээ.
Олон үетэй нойр авах дуртай хүмүүст бас америкийн зохион бүтээгч Томас Эдисоныг хамруулдаг юм. Тэр гурав-дөрвөн цаг ажиллаад л , 30 минут нойр авдаг байжээ.
Наполеон
Жанжин болсноор Бонапарт маш хатуу дэг барьдаг байжээ. Тэр хоногт дөрвөн цаг - шөнийн 12 цагаас хоёр цаг хүртэл, өглөөний таваас долоон цаг хүртэл унтдаг байсан байна. Эзэн хаан шөнийн хоёр цагт сэрээд усанд орж, ном уншаад, дахин унтдаг байжээ. Бонапартыг зайлшгүй шаардлагатай нөхцөлд л сэрээж болдог байж. Тэр дайн байлдааны үед энэ дэгийг барьдаг байсан гэх. Харин тайван цагт тэр яалт ч үгүй долоон цаг орчим унтдаг байсан байна. Гэгээн Еленагийн аралд Бонапарт болж буй хэрэг явдлыг хянах шаардлагагүй болж, цөлөгдсөнийхөө дараа энэ дэгийг баримтлахаа больжээ.
Никола Тесла
Эхэн үедээ Никола Тесла олон үетэй нойрны горимоор өдөрт хоёр цаг унтдаг байжээ. Түүнд тодорхой цагийн хуваарь гэж байгаагүй бөгөөд ямар нэг төсөл дээр тасралтгүй, заримдаа бүтэн хоногоор ажиллаж, сүүлд нь бүтэн өдөр унтахыг илүүд үздэг байсан байна. Заримдаа эрдэмтэн хэсэгхэн зуур зүүрмэглэж, гэхдээ бүр ажиллах тэнхээгүй болохоороо л унтахаар хэвтдэг байжээ.
Тийнхүү 25 нас хүрэх үе гэхэд Тесла сэтгэцийн хямралтай болсон байна. Ингэснээр тэр унтах горимоо сэргээхээр оролдсон ч, бүрэн амжилтад хүрээгүй аж.
Уинстон Черчилль
Британийн улстөрч Уинстон Черчилль эрүүл мэнддээ онцын анхаарал тавьдаггүй, хоногт тав-зургаан цаг, гэхдээ шөнийнг гурван цагаас өглөөний зургаан цаг хүртэл, өдрийн дөрвөн цагаас орон зургаан цаг хүртэл унтдаг байжээ. Тэгээд завсар хооронд нь ажилладаг байсан байна.
Бараг бүтэн зургаан цаг унтахын оронд үдийн хоолны дараа түр дугхийх нь хоёр дахин их ажил төрөл гүйцэтгэх боломж олгодог гэж тэр үзэж байжээ. Тэр энэ горимыг маш хариуцлагатай мөрдөж, парламентын хуралдаан юмуу чухал зөвлөгөөний үед ч дугхийгээд авдаг байсан гэнэ.
Альберт Эйнштейн
Германы физикч Альберт Эйнштейн харин өдөр бүр 10-12 цаг унтаж, ингэж их унтах нь бүтээмж сайтай ажиллаж, ухаан санааг саруусгадаг гэж үздэг байжээ.
Харин ийм дэг нь танин мэдэхүйн үйл ажиллагааны асуудал үүсгэдэг хэмээн орчин үеийн эрдэмтэд үздэг. Тийнхүү энэ тухай маргаан өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд гэхдээ аугаа их физикчийн зөв ч байж болох талтай.
Маргарет Тэтчер
Европын улсын анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчер хамгийн бага унтахыг боддог байсан бөгөөд тодруулвал хоногт дөрвөн цаг, заримдаа хоёр цаг унтдаг байжээ. Тэрээр баярын болон амралтын өдрүүдэд ч ажиллаж, бусдаас эрт босч, шөнө дөл хүртэл ажил дээрээ байдаг байсан байна. Тэтчер үс засалтынхаа хэвийг алдагдуулахгүй гэхдээ бага унтдаг байсан хэмээн ярьцгаадаг байжээ. Үнэндээ бол төмөр хатагтай нэг цаг ч болов илүү ажиллах боломжийг алддаггүй байсан гэнэ.
Вольфганг Амадей Моцарт
Австрийн хөгжмийн зохиолч Моцарт шөнө дундаас хойш унтахаар хэвтэж, өглөө зургаан цагт босдог байжээ. Тийнхүү тэрээр хоногт таван цаг гаруй л унтдаг байсан болж байна. Ингэхдээ сэрүүн байхдаа тэр хөгжим, зохиомжоо бүтээж, өдөрт 4-5 цаг орчим ажилладаг байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ