ХАБГБ Казахстанд энхийг сахиулагчдыг илгээнэ
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын (ХАБГБ) хамтын аюулгүй байдлын зөвлөл Казахстаны нөхцөл байдалтай холбогдуулан энэ оронд хамтын энхийг сахиулах хүчин илгээхээр шийдвэрлэжээ. Армений ерөнхий сайд Никол Пашинян өөрийн Facebook-ээр ингэж мэдээлсэн байна.
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу ингэж шийдвэрлэснийг уг зөвлөлийн дарга Пашинян тодруулан тайлбарлажээ. Казахстаны байдлыг тогтворжуулж, хэвийн болгох зорилгоор хязгаарлагдмал хугацаагаар энхийг сахиулагчдыг илгээх юм. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын мэдэгдлийг үндэслэж, түүнчилэн гаднаас хөндлөнгөөс оролцож байгаагийн улмаас тус орны үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул занал учирч буйтай холбогдуулан энхийг сахиулагчдыг ийнхүү илгээнэ гэж Пашинян онцлон тэмдэглэсэн байна.
Үүнээс өмнө тэр Казахстанд бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан тусламж үзүүлэхийг ХАБГБ-аас хүссэнтэй холбогдуулан Токаевтай утсаар ярьжээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний дагуу энэ террорын аюул заналыг гэтлэн давах зорилгоор ийм хүсэлт гаргасан юм гэж Казахстаны удирдагч тайлбарласан байна.
Тус орны иргэдийн сайн сайхан, аюулгүй байдал, амгалан тайван байдалд анхаарал санаа тавих нь миний үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм гэж Токаев мэдэгджээ. Иргэдийнхээ амин чухал эрх ашигийг хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд би бэлэн гэж тэр батлан илэрхийлсэн байна.
Үнэндээ энэ нь зүгээр нэг аюул занал биш, энэ нь улс орны бүрэн бүтэн байдлыг бусниулж, хамгийн гол нь манай иргэдэд халдаж байгаа үйлдэл мөн бөгөөд тэд өөрсдөд нь яаралтай туслахыг төрийн тэргүүний хувиар надаас хүсч байгаа юм гэж Касым-Жомарт Токаев мэдэгджээ.
Эмх замбараагүй байдалтай холбогдуулан нэгдүгээр сарын 5-нд Казахстаны нийт нутагт онц байдлын горим тогтоосон юм. Үүний дагуу шилжин явах хөдлөлгөөнийг хязгаарлаж, олныг хамарсан хурал цуглаан, ажил хаялт зохион байгуулахыг хориглож, түүнчилэн иргэд болон машин тэргэнд үзлэг нэгжлэг хийхийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад олгож байна.
Машины хийн үнэ 60-аас 120 тенге (393-аас 786 төгрөг) болж нэмэгдсэнээс болоод нэгдүгээр сарын 2-ны ням гарагт Казахстанд эсэргүүцлийн ажиллагаа эхлэсэн юм. Гэвч сүүлд нь энэ ажиллагаа Казахстаны анхны ерөнхийлөгчийг Нурсултан Назарбаевыг улстөрөөс зайлж, бүх шатны шинэ сонгууль явуулж, парламентыг тараахыг шаардсан эмх замбараагүй явдал болж хувирчээ. Тус орны хуучин нийслэл Алма-Атад хамгийн өргөн цараатай мөргөлдөөн болсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ