Монголын анхны эмэгтэй авто уралдаанч Г.Ариунтуяа:Цагаан сараар мөрөө ч гаргадаггүй хэрнээ уралдахдаа үргэлж сүү өргөдөг
Би авто уралдааныг эмэгтэйчүүдэд арай л ахадсан спорт гэж боддог юм. Надтай санал нийлэх олон хүн бий гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл монгол бүсгүй эрсдэл ихтэй энэ спортод хөл тавиад хэдэн жилийн нүүр үзэж буй аж. Ингээд Монголын анхны авто уралдаанч бүсгүй Г.Ариунтуяатай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.
-Монголын авто уралдааны анхны эмэгтэй тамирчинтай ярилцаж байгаадаа баяртай байна. Эмэгтэй хүнд ахадмаар энэ спорттой яагаад холбогдчихов оо?
-Баярлалаа. Миний аав 1995 онд холын зайн ралли уралдаанд, 1996 оноос "Батхүлэг" авто кросст уралдаж байсан анхдагч, ахмад тамирчдын нэг. Би тэр цагаас л уралдана гэж мөрөөдөж эхэлсэн. Хүүхэд ч байж, гэхдээ мөрөөдлөө тээсээр явсан.
-Энэ спортын чухам юу нь таныг тэгтлээ их татав?
-Мэдээж аав маань их нөлөөлсөн. Дагаж олон тэмцээн үздэг байлаа. Аав маань олон ч машин сольж унасан. Тэдгээрийгээ их тордож, цэвэрхэн унана. Ер нь л гоё машинтай аавын хүүхэд болохоор машинтай ойр өссөн л дөө. Социалист нийгмийн үед БХЯ-ны харьяа "Алдар" спорт нийгэмлэгийн тамирчин, дасгалжуулагч хийж байсан дугуйн спортын ОУХМ аавынхаа машины кабинд л унадаг дугуйтайгаа өссөн дөө.
-Анхны тэмцээн чинь гэвэл...
-Ажлынхан маань 2015 оны шинэ жилээ Манжуурын "Мөсөн замын авто уралдаан"-д авто аяллаар явж, тэмдэглэхээр болсон юм. Тэмцээн Манжуурын Цагаан нууран дээр болоход Монголын гурван авто клубээс тамирчид оролцов. Тэгэхэд л "Nissan Patrol 4x4" клубын Ижилмөрөн нарын ах нартайгаа танилцсан. Тэр тэмцээнд "Монголын Ланд круйзер" клубын тамирчин Наранбаатар ах хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медаль хүртэж, бид амжилттай сайхан аялаад ирсэн. Тухайн үед "Монголын бартаат замын авто холбоо"-г байгуулаад удаагүй байв. Манжуурын тэмцээнд оролцсон ах нар уг холбооны анхны тэмцээн "Ice Racing Cup" мөсөн замын авто уралдааныг 2016 оны нэгдүгээр сард Биокомбинатын загас агнуурын нууран дээр хийхэд би оролцоод, ажлынхаа хажуугаар энэ тэмцээнд уйгагүй бэлдсэний хүчинд түрүүлсэн. Ажлынхан минь ч намайг дэмжиж, тэмцээний зардалд төсөв гарган өгөхийн зэрэгцээ идэр есийн хүйтэнд халуун хоол, цайтай ирж, финалын гарааг минь үзэж байсныг би мартдаггүй. Тэмцээний дараа бид хадаастай дугуйтай мотоцикльтой аяллыг Хөвсгөл нуурын урдаас хойд цэг Ханх сум хүртэл ирж очихын 290 км мөсөн дээр аялсан. Тэр жилжингээ л мөсөнд дурласан хүмүүс байлаа.
-Авто уралдаанаас "УАЗ" ангилал хамгийн эрсдэлтэй бас хамгийн өрсөлдөөнтэй нь юм билээ. Яагаад энэ ангиллыг сонгож уралдах болов?
-"Батхүлэг" уралдааныг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ. Улиастайн ам, Морин даваа, хорооллын ард мото кроссын зам дээр тухайн үед "Батхүлэг" уралдаан болдог байлаа. Аавынхаа уралдааныг үзнэ. Тэр цагаас л "УАЗ"-аар мэргэжлийн ангилалд уралдана гэж мөрөөддөг байлаа.
-Аав Ганбатыг тань "УАЗ" ангилалд уралддаг байсныг авто уралдаан сонирхогчид сайн мэднэ. Аав чинь энэ спортод уруу татсан уу?
-Үгүй ээ, аав намайг багын мөрөөдлөөрөө уралдана гэж бодоогүй байх. Ааваас зөвшөөрөл авч, анхныхаа тэмцээнд оролцоод түрүүлсэн. Харин хоёр дахь уралдаандаа нууцаар оролцон, барианд орж ирээд мөнгөн медаль авснаа дуулгасан. Түүнээс хойш мөрөөдсөнөөсөө 20 жилийн дараа уралдаж, өөрийн гэсэн уралдааны машинтай болохоор цалингаа цуглуулаад явж байхад аав мөнгө нэмж өгч, уралдааны машин авсан. Тэгэхээр миний хамгийн том ивээн тэтгэгч аав байгаа биз.
-Ингэхэд та хэдэн настайгаасаа жолоо барьж сурсан бэ?
-Ухаан орсон цагаасаа л машин барьдаг болсон гэж ойлгодог байлаа (инээв). Аавынхаа өвөр дээр жолоо мушгиж эхэлснээ тэгж боддог байж л дээ. Ганцаараа "УАЗ" хөдөлгөөд явж сурсан маань гэвэл 12 настайдаа. Хөл хүрэхгүй унтрааж асаагаад л явдаг байсан юм.
-Энэ спортоор хичээллэхээр шийдсэнийг гэрийнхэн тань хэр хүлээж авав?
-Эрсдэл өндөр энэ спортод охин үрээ оруулахаас хайрлах, харамлах хоёр зэрэгцэж байсан ч аав, ээж хоёр намайг хэнээс ч илүү мэднэ. Шийдсэн л бол би юунаас ч ухардаггүй хүн. Тиймээс дэмжихгүй гээд яах вэ гэж бодсон биз. Сүүлийн тэмцээнд босгосон шинэ моторыг аав авч өгсөн бас бэлдсэн. Тэрний өмнөх тэмцээнд би тормозгүй уралдаж, сэтгэлийг нь зовоож чилээсэн болохоор одоо аав бүгдийг нь өөрөө янзалж бэлдэх гэдэг болсон.
-Хэдэн жил уралдаж, ямар амжилт үзүүлээд байна вэ?
-Авто спортод хөл тавиад долоон жил болох гэж байна. Цаг хугацаа хурдан юм аа. Энэ хугацаанд би авто спортын ралли болон кросс төрөлд тус бүр арав гаран удаа уралджээ. МБЗАСХ-ноос 2016 онд зохиосон "Ice Racing Cup" мөсөн замын авто кросс уралдаанаас алт, МАММСХ-ноос 2016 онд зохиосон "North Asia Rally", олон улсын холын зайн уралдаанаас мөнгө, 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д болсон "China Dakar Rally-12 th FB festival" олон улсын уралдааны кросс ангилалд алтан медаль хүртсэн. Мөн 2019 онд холын зайн уралдаанд эмэгтэй чиглүүлэгчтэй нэг баг болж уралдсан маань Монголын авто спортын түүхэнд анхны эмэгтэй баг болж, 2000 км замыг амжилттай туулан, барианд орсон. 2016-2020 онд МАММСХ, МАМХ-ны холын зайн болон тойргийн ралли уралдаанаас нийт найман удаа финиш медаль авч, кросс уралдаанаас "Эр зоригийн шагнал"-ыг хоёронтаа авч байлаа.
-Эрсдэл ихтэй энэ спортоор хичээллэхэд шантрах тохиолдол гардаг л байлгүй...
-Хамгийн өндөр зардалтай спорт шүү дээ. Техник салгахад л хэцүү байдаг. Тэрнээс биш өөрийн зүгээс шантарч байгаагүй. Харин ч "Даваад гарна шүү. Одоо л ухарч болохгүй" гэж өөрийгөө хатуужуулж зүтгэсээр ирсэн. Өөрөө машинаа бүрэн янзалчихдаг бол аштай юу. Тиймээс эрэгтэй тамирчдыг бодвол миний хувьд гараанаас гарах гэж хоёр дахин их хөдөлмөрлөх шаардлага гардаг.
-Хятадад болсон уралдаанд түрүүлсэн тухайгаа яриач. Нууц биш бол энэ уралдааны бай шагналыг сонирхож болох уу?
-2017 оны аравдугаар сард Хятадын Тэнгэр элс хэмээх газар элсний кросс уралдаан болоход намайг ӨМӨЗО-ы тамирчин урьж оролцуулсан. Уг тэмцээнд шүүгч нарын шийдвэрээр эрэгтэй тамирчид оролцсон л доо. Нэгдүгээр гараа монгол тамирчдынх, хоёрдугаар гараа хятад тамирчдынх, харин гуравдугаар буюу финалын гараанд нэг, хоёрдугаар гараанд эхний зургаан байр эзэлсэн нийт 12 уралдаанчийг өрсөлдүүлсэн юм. Эхний буюу хэсгийн гарааны цаг болон финалын гарааны нийлбэр цагаар хамгийн бага цаг үзүүлсэн дарааллаар нь байр эзлүүлсэн. Барианд орж ирэхэд хоёр гарааны нийлбэр цагийн хамгийн бага хугацаанд туулсан дарааллаар нэр дуудан, гарын үсэг зуруулж, надад баяр хүргэж байлаа. Тэмцээний шагнал гардуулах ёслол хоёр хоногийн дараа болсон юм. Зөвхөн монгол тамирчдын уралдсан нэгдүгээр хэсгийн гараанд ч байр эзлүүлж түрүүлсэнд 30 мянга, хоёрдугаар байрт орсонд нь 20 мянга, гуравдугаар байрт 10 мянган юанийн эрхийн бичиг гардуулсан. Тэр эрхийн бичиг нь Хятадын машины үйлдвэрээс худалдан авалт хийхэд ашиглах юм билээ. Бид нарын хэн нь ч ашиглаагүй. Миний хувьд машинаа надад унуулж уралдуулсан өвөрмонгол тамирчинд "Баярлалаа" гэж үлдээгээд л ирсэн дээ. Харин финалын гарааны цомыг "Хэсэг хугацааны дараа бэлдчихээд шуудангаар явуулъя" гэж тэмцээнийг зохион байгуулагч нар хэлэхэд их гайхсан. Ингээд л түрүүлсэн хэрнээ хэдэн зураг, бичлэгээс өөр юмгүй нутагтаа ирсэн дээ. Эхний буюу хэсгийн дан монголчуудын гараанд би хоёрт орж, финалын гараанд түрүүлсэн юм. Хэсгийн гарааны хоёрдугаар байрын 20 мянган юанийн самбараар би уг тэмцээнд хоёрт орчихоод өөрийгөө түрүүллээ гэж ярилаа гээд хэсэг нөхдөд нэг хэсэг гүтгүүлж явсан шүү (инээлээ). Эрчүүдтэй уралдаад эмэгтэй хүн түрүүлэхээр гүтгэдэг монгол эрчүүд байдгийг хараад гайхах, өрөвдөх хоёр зэрэгцэж байлаа. Ямар ч гүтгэлэг надад нөлөөлж чадахгүйн дээр намайг улам хүчтэй болгодогт баярлаж явдаг. Надад худлаа ярих зан үгүйн дээр шаардлага ч байхгүй. Гүтгүүлсэн хүн цомоо ирэхийг л тэсэн ядан хүлээж байв. 2017 оны аравдугаар сард болсон тэмцээний цом ондоо багтаж ирээгүй. Шинэ он гарангуут би хэсэг хугацаанд Японд амьдрахаар явлаа. Энэ хооронд аав маань зүрхний хүнд хагалгаанд орж, би буцаж ирсэн. Тэгээд цомоо хөөцөлдсөөр 2018 оны зун олж авлаа. Цом нэгдүгээр гарааны самбар барьсан тамирчдад биш финалын гарааны нийлбэр дүнгээр байр эзэлсэн гурван тамирчин буюу Намдагдорж, Нямжав бид гуравт ирсэн юм. Финалын гарааны энэ дарааллаар цом ирнэ гэдэгт би итгэл төгс хүлээж байв. Цомон дээр овог, нэрийг нь хүртэл цутгаж хийсэн байсныг хараад тухайн үед цом гардуулалгүй, сүүлд шуудангаар явуулсны учрыг ойлгосон. Цаг хугацаа үнэн мөнийг хэлээд өгдөг нь сайхан юм даа. Энэ тэмцээний эхний байруудыг монгол тамирчид эзэлсэнд, сайн машинаар уралдаж түрүүлсэндээ баяртай байдаг.
-Машинд тань ямар ч гэмтэл гарвал засаж чадах уу?
-Ойр зуурынхыг гэхээс явах эд ангийг нь засаж чадахгүй. Чадна гэж ч худлаа хэлэхгүй. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй тамирчид ч тусдаа механиктай байдаг. Тамирчин гэхээр заавал машин засдаг байх албагүй. Бусад оронд ч тамирчин нь тамирчнаа, механик нь механикаа хийдэг. Түүний нэг тод жишээ бол Японы "Хино", Оросын "Камаз"-ын механикын баг дэлхийд алдартай. Ер нь үйлдвэрийн багууд бүгд механикын багтай байдаг. Бид хувь тамирчид гэлээ ч дэлхийн төвшинд хөгжихийг зорих хэрэгтэй. МАМХ-ны зарим тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдынхаа механикыг өргөмжилж, урамшуулж байгаа нь сайшаалтай.
-Таны шүтдэг нисэгч гэвэл...
-Шүтдэггүй ээ үздэг (инээгээд). Катар тамирчин Нассер, испани бүсгүй Лайя Санз, Оросын "Камаз" баг гээд инстаграм дээр дагаж үздэг баг, тамирчид бий. Монголоос аваргуудынхаа бичлэгийг үзнэ. Ахмад тамирчдаас Хаянхярваагийн Ганхүү мастерын уралдахыг үздэг байлаа. -Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье.
-Та бага насныхаа талаар яриач...
-Онц сурдаг, даруухан, хэнхэг хүүхэд байсан шүү. Нийслэл, улсын хүүхдийн чуулганд оролцож, илтгэл тавина. Олон хичээлийн олимпиадад оролцохын зэрэгцээ сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, өсвөр үе, идэрчүүдийн хот, улсын аваргын арав гаран медальтай сагсчин охин байлаа. Хичээл, бэлтгэл гээд их л завгүй ачаалалтай байсан. Тэр үед аваагүй шагнал гэж бараг үгүй. Оны шилдэг сурагч болж, ерөнхий сайдаас хүртэл шагнал авсан шүү. Дугуйн спортын тамирчин аав, ээжийн хүүхэд болохоор дугуй унаж өссөн нь мэдээж. Машинд нь дугуйгаа ачаад, аавтайгаа цуг их явна. Зургадугаар ангид ээж намайг "Шилмэл загвар"-ын загвар өмсөгчийн дугуйланд оруулахад зугтаж байсан хөгжилтэй түүх бий (дахин инээв). Багадаа мэргэн буудагч, математикын багш, зүрхний мэс засалч, уралдаанч болно гээд л мөрөөддөг байлаа. Тэдгээрээс хамгийн хүчтэй мөрөөдсөн нь одоо биелсэн юм уу даа.
-Таныг өндөр боловсролтой, хоёр ч их сургууль төгссөн гэж ярих юм билээ...
-Ахлах сургуульдаа Японд суралцаж байлаа. Японы сургалтын систем Монголынх шиг шахуу биш нэг юмаа удаан үздэг. Нутагтаа ирээд чанга ч сургуульд орж, нэг, хоёрдугаар курст лекцээ бичиж амжихгүй, зарим хичээл Японы сургалтын системээс хамаагүй түрүүлчихсэн би хоцрогдолтой байсан болохоор хичээлээ дийлдэггүй. Ингээд л сагсан бөмбөгийн спортоо орхисон доо. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, дараа нь хэлний анги дүүргэсэн. Би сургуулиараа, багш нараараа маш их бахархдаг. Эдийн засгийн ангийнхан маань хамгийн их хайртай, сайхан хамт олон.
-Японд сурч байхдаа уралддаг байв уу?
-Ахлах сургуулийн сурагч, насанд хүрээгүй байсан болохоор Японд сурахаас өөр зүйл хийгээгүй ээ. Нутгаа их санана. "Насанд хүрэнгүүтээ жолооны үнэмлэх аваад салхи татуулан давхих юм сан" гэж ярьдаг байсан. Монголд ирээд хоёр хоноод л жолооны курст сууж эхэлсэн. Жолооны үнэмлэхээ авахад аав машин авч өгсөн. Ёстой л салхи татуулан давхиж эхэлсэн дээ. Харин уралдсанаасаа хойш унааны машинаар давхихаас айдаг болсон. Хамгаалалт ямар чухлыг ойлгосон гэсэн үг л дээ.
-Та "84" дугаартай уралддаг юм билээ. Яагаад энэ дугаарыг сонгов?
-Олон хүн ингэж асуудаг юм. МАМХ-ны "Мастер кросс" гэдэг том дэвжээнд уралдах хувийн дугаарыг жилд гурваас доошгүй уралдаж байж, дугаараа хадгалах эрхтэй болдог. Миний дугаараа авах жил хоёр оронтой тоонуудаас 14 бас 84 гэсэн хоёр сонголт л үлдсэн байлаа. Тэгээд "84"-ийг сонгосон. Надад ирэх гэж л ирсэн дугаар юм шиг санагддаг учир цаашид хувийн дугаараа солих бодол огт байхгүй.
-Нисэгчид их мухар сүсэгтэй юм шиг санагддаг л даа. Таны хувьд...
-Энэ спорт хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Би чинь цагаан сараар мөр ч гаргадаггүй хүн шүү дээ. Харин уралдахдаа дандаа сүү өргөнө. Гол ус туучиж, газар хөндөж уралдаж байгаа гэж боддог учир уул ус, лус савдгаа аргадаж, сүү өргөдөг. Хүлгийн минь хөл нь, жолоо нь гэж боддог тул гараанаас гарахаас өмнө дөрвөн дугуйн дээрээ бас рулэн дээрээ сүү дусааж, алтан замаа ерөөдөг. Яг тэр энэ шашин гэж явдаггүй ч ямар ч шашинг үгүйсгэдэггүй. Шашнууд бүгд л зөв зүйлийг сургааль болгодог шиг санагддаг. Би шашин гэхээсээ илүү энерги, дотоод хүч, зөн совин, мэдрэмждээ итгэдэг.
-Авто спорт эрсдэл ихтэй болохоор заавал даатгалтай уралддаг уу?
-2019 оны нэгдүгээр сараас эхлээд Монголын авто мастеруудын холбооны цуврал тэмцээнд оролцох тамирчид техникийн зөвлөгөөний хурал дээр заавал даатгуулдаг болсон. Амь нас, эрүүл мэндийн даатгалд холбооны дүрэм, дотоод журмын дагуу хамрагдаж байгаа. Даатгуулаагүй тамирчинг гараанаас гаргахгүй гэсэн хатуу дүрэмтэй. Энэ нь ч зөв гэж бодож байна.
-Нууц биш бол хаана ажилладаг вэ?
-Оюутан байхаасаа эхлээд Японтой холбоотой олон ажил хийж ирлээ. Олон ч төсөл дээр ажилласан. Одоогоор Японы хоёр байгууллагад харьяалагдаж байна. Тодорхой хэмжээний нууцын зэрэглэлтэй байдаг учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд юу хэлэх вэ?
-Сонгосон замаараа тууштай, үнэн шударга, зөв явахыг хүсдэг. Уралдаан болгон минь дардан байгаагүй ч эр зоригийн энэ спортод эмэгтэй хүн өдий хүртэл явна гэдэг тэвчээр. Надад тус дэм болдог ар гэрийнхэн, аав ээж, найз нөхөд, тамирчид болон авто спортын үзэгч дэмжигчдэдээ баярлалаа. Онцгойлон ивээн тэтгэгч "Говил" ХХК, Хандсүрэн эгч, анхны раллигаас минь эхлэн урам өгч өдий хүртэл тус дэм болж явдаг авто спортын мастер Дамбадонир ах, "Авто-Х" сервисийн хамт олондоо баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ