Талибууд АНУ-д зөвлөжээ

         "Афганистанд засгийн эрхэнд гарсан радикал талибууд АНУ-ыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж, шаардлагатай бол эсэргүүцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ" гэж Талибаны түр засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд Шер Мохаммад Аббас Станекзай ням гарагт мэдэгдэв. "Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг би АНУ-д анхааруулмаар байна" гэж түүний хэлснийг 1TV  телевиз эш татан мэдээллээ. "Дайнаас залхсан афганууд өөрсдийгөө хамгаалах чадваргүй болсон гэж хэн ч бодох ёсгүй" хэмээн онцлон тэмдэглэсэн Гадаад хэргийн дэд сайд "Шаардлагатай бол бидэнд түрэмгийлэгчийг дахин 40 жил эсэргүүцэх боломж бий" гэж нэмж хэлжээ. Түүнийхээр Кабулд талибууд засгийн эрхэнд гарснаас хойш сүүлийн дөрвөн сарын хугацаанд Афганистан бие даан шийдвэр гаргаж эхэлсэн гэнэ. Эл улс сүүлийн хэдэн арван жилд анх удаа бие даан шийдвэрлэж буй нь энэ ажээ.                      
      АНУ уг орноос зэвсэгт хүчнээ гаргахаар шийдвэрлэснээ зарласны дараа талибууд Афганистанд хяналт тогтоож эхэлсэн билээ. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Кабулд мөргөлдөөнгүйгээр нэвтрэхэд ерөнхийлөгч  Ашраф Гани эх орноо орхиж гарсан юм. Бас есдүгээр сарын 7-нд түр засгийн газрын бүрэлдэхүүн зарласныг нь дэлхийн ганц ч улс өдийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ