Вирус судлаач омикрон-штаммыг цар тахал дуусахын дохио хэмээн тодорхойлжээ


Оросын шинжлэх ухааны академийн академич, вирус судлаач Феликс Ершов “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, омикрон-штаммыг цар тахал дуусахын дохио байж болох юм гэж тодорхойлжээ.

“Омикрон нь цар тахал дуусахын дохио, сүүлчийн штамм байж болох юм” гэж Ершов таамаглаж байна. Коронавирусийн энэ хаувилбар нь туйлын халдвартай ч, “үхэлд хүргэх аюулгүй”, харин түүний дараа тогтсон эсрэг биетүүд нь “вакцинд болон өвчилж эдгэрсэн хүмүүсийн дархлаанд туслана” гэж тэр тэмдэглэжээ.  “Байгаль өөрөө цар тахлыг дуусгавар болгох ийм боломж бий болгосон болов уу” гэж мэргэжилтэн онцлон дурдсан байна.

Омикрон нь  илүү хүнд хэлбэрийн штаммуудын эсрэг байгалийн вакцин байж болох юм гэсэн таамаглалыг академич бас зөвшөөрчээ.  Тэр үүнийг вирусүүдийн сулрах шинж чанартай холбон тайлбарласан байна. Тухайлбал мутант-штамм нь  суларсан уургийн системийн тусламжтайгаар өмнөх хувилбаруудыг дарангуйлж, түлхэн зайлуулдаг ажээ.

Одоо омикрон-штамм гарч ирснээр дэлхий цар тахлын хамгийн хэцүү үеийг үзэж байж болох ч, коронавирусийн цар тахал  бүр 2022 онд дуусч болох юм гэж Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс өмнө нь өөрийн Twitter-акаунтад бичсэн байна. Түүхэнд нэг ч вирус омикрон шиг ингэж хурдан тархаж байгаагүй гэж Гейтс мэдэгджээ.

Дэлхийд коронавирусийн халдвар авсан батлагдсан тохиолдол 275 саяас даваад байна гэж ДЭМБ мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Нийтлэгдсэн баримт сэлтээс үзвэл, (өнөөдөр УБ-ын цагаар шөнийн 02 цаг 05 минутад) 275 сая 233 мянга 892 хүн халдвар авч, 5 сая 364 мянга 996 хүн нас барсан тухай мэдээ ДЭМБ-д ирсэн байна.  Ингэхдээ халдвар авсан хүний тоо хоногт 541 мянга 319, нас барсан хүн 5 мянга 735-аар нэмэгджээ.

Сүүлчийн мэдээгээр, омикрон-штамм 106 оронд илрээд байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ