Омикрон-штамм нь "дельта"-г бодвол 70 дахин хурдан үрждэг байна
Коронавирусийн омикрон штамм “дельта” болон анхны SARS-CoV-2 вирусийг бодвол хүний гуурсан хоолойд 70 дахин хурдан халдварлаж, үрждэг байна гэж Гонконгийн их сургуулийн анагаах ухааны факультетын эрдэмтдийн судалгааны материалд өгүүлжээ.
“Энэ нь омикрон штамм өмнөх хувилбаруудыг бодвол хүнээс хүнд яагаад хурдан халдварладгийг тайлбарлаж өгч болох юм” гэж дээрх их сургуулийн эрдэмтдийн мэдэгдэлд дурдсаныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Омикроны үед уушигны халдвар эхний SARS-CoV-2 вирусийг бодвол нэлээд бага байгааг судалгаа харуулсан бөгөөд энэ нь өвчлөлийн хүндрэл илүү бага байгаагийн үзүүлэлт байж болох юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ штамм нь эсийг халдварлуулахад шаардлагатай S-уураганд олон арван мутацитай ажээ. Судлаачдын үзэж байгаагаар, уг хувилбар их халдвартай бөгөөд хамгаалалтын эсрэг биетэд тэсвэртэйг харуулж байгаа ч, эцсийн дүгнэлт хийхэд хараахан эрт байна.
Энэ хувилбар нь жишээлвэл Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан зэрэг дархлаа султай хүний биед оржээ гэж таамаглаж байгаа юм. Өвчилж эдгэрсэн болон вакцин тариулсан хүмүүс халдвар авч болох ч, шинж тэмдэг нь ядрах, толгой өвдөж, бие шархирах байдлаар илэрдэг байна.
Ингэхдээ урьдчилсан мэдээгээр, омикрон нь вакцины үр дүнг бууруулж болох ч, “дельта”-г бодвол аюул багатай ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ